Өнөөдөр Аврах тусгай ангийн 50 жилийн ой тохиож байна
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна.
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Аврах тусгай ангийн түүх намтар Онцгой байдлын албаны тулгын чулуу болсон Иргэний хамгаалалтын байгууллагын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой.
Анх 1967 оноос манай улсын тэргүүлэх зэрэглэлийн бүтэц байсан төмөр замын бүтээн байгуулалтанд гар бие оролцож, Ардын армийн төмөр замын тусгай батальоноос Аврах тусгай анги хүртэлх түүхэн замналыг туулахдаа тус ангийн албан хаагчид техникийн холбогдолтой осол, үер, цацраг, химийн хордолт, гоц халдварт өвчин, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг, ослын хөнөөлийн голомтод амь биеэ үл хайрлан зүтгэж ирсэн.
Сүүлийн 5 жилийн хугацаанд тус ангийн албан хаагчид 200 гаруй иргэний амь нас, төр, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 6 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнөөдөр ч тус ангийн албан хаагчид Төв, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар бүгчим халуун, байгалийн хүнд бэрх нөхцөлд өдөр, шөнөгүй ажиллаж байгаль, эх дэлхийгээ авран хамгаалахаар ажиллаж байна.
Тусгай ангийн аврагчид Япон улсад болсон цунами, ОХУ-д дэгдсэн их түймрийн голомтод ажиллаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тогтмол оролцдог болсон нь Монголын аврагчид олон улсад үүрэг гүйцэтгэх чадвартай гэдгийг хэдийнэ харуулж чадсан юм. Онцгой байдлын албаны албан хаагчид 2012 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, энэ хугацаанд 240 гаруй албан хаагч олон улсад үүрэг гүйцэтгэсэний 46 нь Аврах тусгай ангийн албан хаагчид юм.


















