Өнөөдөр "Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр" тохиож байна
Жилийн бүрийн гуравдугаар сарын 1-нд "Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр"-ийг тэмдэглэдэг уламжлалттай.
Мэдээллийн алба

Жилийн бүрийн гуравдугаар сарын 1-нд "Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр"-ийг тэмдэглэдэг уламжлалттай. Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг энэ жил “Гамшгийн эсрэг иргэний хамгаалалттай хамт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчилан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулан тэмдэглэж буй.
Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан төв, орон нутгийн газар, хэлтэс, анги байгууллагууд орон нутагтаа хууль сурталчлах өдрийг зохион байгуулах, “Иргэний хамгаалалтын түүхэн замнал” түүхэн номын нээлтийг хийх, сайн дурын аврагч бэлтгэх сургалт, Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Оюутан-аврагч” сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Мөн “Цэвэр агаар” сэдэвт явган аялал, цасны баяр, Улаанбаатарын хүрээний анги байгууллагын офицер бүрэлдэхүүний гар бөмбөгийн тэмцээн болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















