Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр
Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр. 2011 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн 36 дугаар Ерөнхий бага хурлын ээлжилт чуулганы үеэр хоёрдугаар сарын 13-нийг “Дэлхийн Радиогийн өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг.
Мэдээллийн алба

Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр. 2011 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн 36 дугаар Ерөнхий бага хурлын ээлжилт чуулганы үеэр хоёрдугаар сарын 13-нийг “Дэлхийн Радиогийн өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг. Ийнхүү тус тэмдэглэлт өдрийг ЮНЕСКО-гийн гишүүн орнууд 2012 онд анх удаа тэмдэглэсэн бөгөөд өдгөө дэлхий нийт тус өдрийг “Жендэрийн эрх тэгш байдал: Эмэгтэйчүүдийн радио дахь эрх” уриан дор гурав дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү өдөр МҮОНР, Пи3 радио болон Монголын нийт радиогийн сэтгүүлч, уран бүтээлчдэд баярын мэндийг дэвшүүлэхийн дашрамд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн тус өдөрт зориулсан илгээлт, мэндчилгээг та бүхэнд хүргэе.

ИЛГЭЭЛТ
2014.02.13.
Өнөөдөр Дэлхийн Радиогийн өдөртэй хамт бид дэлхий ертөнц дээрх эмэгтэй, эрэгтэй хүн бүрийн хувьд тэргүүний сонголт хэвээр байгаа хэвлэл, мэдээллийн нэгэн чухал тэмдэглэлт өдрийг тэмдэглэж байна. Радио нь өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх чадамжгүй хүмүүст дуу хоолой нь болж, бичиг үсэг үл мэдэх хүмүүсийн боловсролыг дээшлүүлдэг төдийгүй мөн байгалийн гамшиг тохиолдох үед хүний эрдэнэт амийг авардаг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон олон ургальч үзлийн индэр болох Радио нь цогц мэдлэгт түшиглэсэн нийгэм бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй хүмүүс хоорондын харилцан ойлголцол болон хүндлэлийг дэмжин сурталчилдаг.
Радио бол ялангуяа жендэрийн эрх тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд онцгой хувь хэмэр оруулдаг. XX зууны эхэн үеийн энэ салбарын анхдагч удирдлагуудаас эхлэн энэ цаг үед аюултай бүсэд ажиллаж байгаа эмэгтэйчүүд радиогийн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэсээр байна. Хэвлэл, мэдээллийн үйлдвэрлэлд иргэний сэтгүүлчдээс эхлэн сурвалжлагчид, продюсерууд, техник, арын албаны ажилтан албан хаагчид болон шийдвэр гаргах, удирдах албан тушаалтан хүртэлх бүх л түвшинд үзэл бодол, мэдээлэл болон агаарын долгионыг хөлөглөн илэрхийлэх үзэл санааны чөлөөт солилцоог хангахын тулд эмэгтэйчүүд ажиллаж байна.
Гэсэн ч бидэнд хийж гүйцэтгэх ажил их бий. Нийтлэл, нэвтрүүлгийн дөрөвний нэгээс бага хувийг эмэгтэйчүүдийн талаарх мэдээлэл эзлэж байгаагаар үл барам хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүх дээд түвшний удирдлага, албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь гуравны нэгээс бага байна. Дэлхийн хүн амын талаас илүү хүний дуу хоолойгүйгээр бид хэрхэн бүхэл цадиг түүх, утга учгийг ойлгож чадах билээ.
Иймд ЮНЕСКО энэ байдлыг тэнцвэртэй болгохоор ажиллаж байна. Радиод олон ургальч үзэл болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бэхжүүлэн бататгахын төлөө эмэгтэйчүүдийн мэдээ, нийтлэл бичих, шийдвэр гаргах түвшинд болон хэвлэл мэдээллийн өмчлөлд эзлэх хувь эрэгтэйчүүдтэй энэ тэнцүү байх ёстой.
Үүнд л ЮНЕСКО Радиог бие даасан, олон ургальч хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нэг болгон хөгжүүлэхээр, хүйсийн эрх тэгш байдлыг үл харгалзан эмэгтэй, эрэгтэй хүн бүрийн төлөө, сэтгүүлчдийн ажиллах эрүүл, аюулгүй орчинг бий болгохоор ажиллаж буйн утга учиг оршиж байгаа юм. ЮНЕСКО 2013 онд энэ ажлын хүрээнд “Хэвлэл мэдээлэл ба Жендэр дэх Дэлхий нийтийн эвсэл”-ийг санаачлан эхлүүлсэн.
Энэ цаг үед ЮНЕСКО хэвлэл, мэдээллийн хэрэгслийг, орон нутгийн, цаашлаад олон улсын радио болон телестанцийг жендэрийн эрх тэгш байдал, эрэгтэй эмэгтэй хүн бүрийн эрхийг дотооддоо болон Радиогоороо дамжуулан дэмжин сурталчлахыг “Дэлхийн Радиогийн өдөр”-өөр уриалж байна.
Ирина Бокова


















