УПЕГ, Азийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Азийн сан Прокурорын байгууллагын ил тод байдал,сайн засаглалыг бэхжүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, харилцан ойлголцлын
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Азийн сан Прокурорын байгууллагын ил тод байдал,сайн засаглалыг бэхжүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, харилцан ойлголцлын "Санамж бичиг"-ийг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Санамж бичигт Улсын Ерөнхий прокурорын газрыг төлөөлж Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Азийн санг төлөөлж Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь" төслөөс санхүүжүүлнэ.
Азийн сантай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд: Прокурорын байгууллагын цахим бүртгэлээс Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, тэдгээрийн гэр бүл, хууль ёсны төлөөлөгчид өөрийн болон хамаарал бүхий этгээдийн талаарх мэдээлэлтэй танилцах техник, технологийн асуудлыг шийдвэрлэх; прокурор, ажилтны хандлагыг өөрчлөх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулах; прокурорын байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах журмыг боловсронгуй болгох, байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбараар үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй хүргэх боломжийг бүрдүүлэх техник технологийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлхээр төлөвлөөд байна.
Хамтын ажиллагааны "Санамж бичиг"-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан оролцож, хэлсэн үгэндээ "...Прокурорын байгууллагын саналыг хүлээн авч, хамтран ажиллах болсон эрхэмсэг хадагтай Линдберг болон Азийн сангийн нөхдөд баярлалаа. Бидний хамтын ажиллагаа Монгол Улсын прокурорын байгуулагын ил, тод байх зарчмыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна..." гэлээ.
Азийн сангийн суурин төлөөлөгч хадагтай Мелони К.Линдберг "... Азийн сан Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран энэ үйл ажилагааг хэрэгжүүлэх болсондоо таатай байна. Бидний өнөөдөр эхлүүлж байгаа ажил сайн засаглал, ил тод байдлыг авч ирэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болов уу гэж найдаж байна. Энэхүү төсөл нь төрийн байгууллагад ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Канадийн Засгийн газрын санхүүжилттэйгээр, 3 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Азийн сантай тодорхой чиглэлүүдээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа талаар тавьсан саналыг бид маш үр дүнтэй, чухал саналууд байж болох юм гэж үзээд хамтарч ажиллахаар шийдсэн. Монгол Улсад хууль ёсыг сахиулах чиг үүргийг хэрэгжүүлдэг Прокурорын байгууллагын нэр хүндийг улам бататгах үр дүнтэй ажил байх болов уу гэж үзэж байна..."гэлээ.
Прокурорын байгууллага Азийн сантай хамтарч энэхүү төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэдээллийн техник, технологийг сайжруулснаар иргэд олон нийтийн зүгээс прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар үнэн зөв ойлголттой болох, прокурор, ажилтны хандлагыг өөрчлөх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.


















