“Уран ашиглавал улс хөгжих үү...” №1
Уран ашиглах уу, усаа гамнах уу гэх цувралаас урьд нь та бүхэн ураны тухай бага сага ойлголт авсан байх. Ер нь Уран ашиглавал улс орон хөгжих үү гээд та тунгаагаад нэг үз дээ.
Мэдээллийн алба

"Газар шороо мөнхийн сэдэв нэвтрүүлэг”
Уран ашиглах уу, усаа гамнах уу гэх цувралаас урьд нь та бүхэн ураны тухай бага сага ойлголт авсан байх. Ер нь Уран ашиглавал улс орон хөгжих үү гээд та тунгаагаад нэг үз дээ. Уран гэгч зүйлийг хаана олборлоно тэр л газар мал зүй бусаар хорогдох, өвчин эмгэг дэгдэх гээд бэрхшээл ундарч байгаа.
Учир нь мэргэжлийнхний дүгнэлт судалгаагаар байгаль дахь ураны хүдрийн агууламж дунджаар 0.2 хувь орчим байдаг гэвэл нэг тонн ураны хүдрийг уусгах замаар боловсруулахад хоёр килограмм уран, 998 килограмм хорт шавар ялгарч байдаг юм байна. Тэгвэл шавран нууранд хүдрийн 80 хувийг эзлэх цацраг идэвхт бодис, хүнцэл зэрэг олон хорт бодис тунадаг.
Тухайлбал Казахстаны Актау хотын 150 мянган иргэн яг ийм хатсан шавран нуурын хорт тоосонцорт хордсон. Киргизийн хөндийг уран олборлосны дараа хоцорсон шавран нууранд маш их хор агуулагдаж байгааг НҮБ-ээс дүгнэсэн. Германд 30-40 жил хадгалахад л торх зэвэрч цоороод цөмийн хаягдал гадагш нэвчсэн аюултай нөхцөл үүссэн тухай зөндөө л сувгаар мэдээлсэн.
Гадаад өндөр хөгжилтэй орнуудад уран ашигласны улмаас сүйрэл хохирол амсч байхад Манайх ашиглавал яах ойлгомжтой. Гэхдээ галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн, зөв бурууг бүү мэд, аль хэдий нь ашиглаад хордоод эхэлчихсэн. Жишээ нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт "Кожеговь" гэдэг компани нь зөвшөөрөлгүй хусмал зам тавьсан, хаягдал шавар асгах цэг нээсэн, шавар зуурах нүх ухсан, олон салаа зам гаргаж, заган ой сүйтгэсэн, ойролцоох малчдын цөөнгүй мал хордож зүй бусаар хорогдсон нь батлагдсан гээд тоочоод байвал уран ашиглахын сөрөг үр дагавар маш их.
Хортой аюултайг нь хангалттай л сонслоо. Гэтэл засгийн газрын хуралдаанаар батлагдсан "Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл"-д Хан-Уул дүүргийн нутагт орших Алдартолгой, Дорнодын Мардай, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт цөмийн хаягдал хадгалах, булшлах, Улаанбаатар хотод цөмийн реактор, лаборатори байгуулах, мөн гурван газарт уран олборлох уурхай байгуулах тухай тодорхой дурдсан байна. Энэ бүхэн тэгээд хөгжилд хүргэх үү, мөхөлд ойртуулах уу бүү мэд...
үргэлжлэл бий...


















