Уран барималч А.Очирболд “НордАрт-2019” шагналын эзэн боллоо
ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болон зохиогддог “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа болж байна.
Мэдээллийн алба

ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болон зохиогддог “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа болж байна. Тус үзэсгэлэн өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд нээсэн бөгөөд ирэх сарын 13-ныг хүртэл зохион байгуулагдана. Түүнчлэн “НордАрт-2019” шагнал (NordArt prize 2019) болон Үзэгчдийн нэрэмжит шагналын (NordArt public choice award) эздийг тодруулах ёслолын арга хэмжээ энэ сарын 21-нд боллоо.
Дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 371 нь энэ жилийн “НордАрт” үзэсгэлэнд оролцсон бөгөөд үүнээс уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3,2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ тус үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт-2019” шагналын эзнээр тодорлоо.
“NordArt Prize 2019” дээд шагналыг дараа жилийн үзэсгэлэнд оролцох урилга, мөнгөн шагнал 10 мянга евро дагалддаг юм байна. Харин албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол “НордАрт 2020”-ын нээлтийн ажиллагааны үеэр буюу 2020 оны зургаадугаар сард болно.
Сонирхуулахад, уран барималч А.Очирболд 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгарч оролцож байгаа бөгөөд 2015 онд “НордАрт” симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ “НордАрт-2015 үзэгчдийн шагнал”-ыг хүртэж, Европ дахь уран бүтээлийн гараагаа эхэлсэн юм.



















