Уран бүтээлчид говийн гайхамшигт нутгаар аялна
Өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн нутаг Тахийн тал хэмээх Их говийн дархан цаазат газарт болсон арга хэмжээний үеэр БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан зэрэг 4 аймгийн
Мэдээллийн алба

Өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн нутаг Тахийн тал хэмээх Их говийн дархан цаазат газарт болсон арга хэмжээний үеэр БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан зэрэг 4 аймгийн БОАЖГ, "Хустай" байгалийн цогцолбор газар болон зарим их, дээд сургуулийн багш судлаач, эрдэмтэд, ан амьтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож Тахийн талын тунхаг бичгийг үйлдсэн билээ.
Тунхаг бичигт говийн чимэг, бахархал болсон хулан, хавтгай, мазаалай, тахь, бөхөн, хар сүүлт гэсэн ховордоод байгаа амьтдыг хамгаалах, сурталчлах, амьдрах таатай орчинг бүрдүүлэх гэх мэт чиглэлээр дээрх 4 аймагт тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр заасан байна. Энэхүү ажлын хүрээнд “Говийн гайхамшигт 6” уран бүтээлчдийн нэгдсэн аялал энэ сарын 8-наас 14-ний өдрүүдэд болно.

Аяллын бүрэлдэхүүнд тус нутгаас төрөн гарсан яруу найрагч, сэтгүүлч, уран зураач, гэрэл зурагчдын төлөөлөл болсон нийт 35 уран бүтээлч оролцож, аяллын төгсөлд Алтайн өвөр говийн талаар телевизийн нэвтрүүлэг, нийтлэл, сурвалжлага, уран зураг, шүлэг яруу найраг, аян замын тэмдэглэл бэлтгэн олон нийтэд хүргэхээр төлөвлөөд байгаа юм.


















