Ургамал, ургамал хамгааллын салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцлээ
"Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал" сэдэвт үндэсний форум амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

"Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал" сэдэвт үндэсний форум амжилттай болж өндөрлөлөө. Форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан.
Форумын үеэр олон чухал сэдвээр илтгэл хэлэлцүүлсний нэг нь “Монгол Улс дахь химийн бодисын өнөөгийн байдал, эрүүл мэнд, удмын санд нөлөөлөх эрсдэл” юм. 2007, 2012, 2018 онуудыг харьцуулахад химийн бодисын төрөл, импортын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна. Газар тариалангийн үйлдвэрлэл, химийн уринш боловсруулалтад ашиглаж буй пестицид болон бусад химийн бодисын чанарын баталгаажилт тааруу, импортын хяналт сул, мэдээлэл дутмаг байгаагаас химийн бодисын хүн, мал, амьтан, хүрээлэн буй орчинд учруулах сөрөг нөлөө нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтэн хэлж байна. Тиймээс хор судлалын лабораториуд хөрс, ус, ургамал, амьтны гаралтай дээжинд хүнд метал тодорхойлох шаардлагатай. Бодит байдалд химийн хортой болон аюултай бодисыг устгах, тээвэрлэх, хадгалах зохицуулалт сул байгаа нь эрсдэл дагуулж байгааг анхаарууллаа.
Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн хамтарсан баг ургамал хамгаалал, ургамлын хорио цээрийн чиглэлээр хийж буй судалгааны ажлын үр дүнгээ танилцуулсан. 2017 онд явуулсан энэхүү судалгаагаар буудайн ихэнх талбайд тарианы трипс, төмсний талбайд буглаа цохын төрлийн хортон шавьж элбэг тохиолдов. Гантай жил царцаа, мэрэгчид тохиолдож байгааг тогтоосон байна. Хэдийгээр үр тарианы өвчлөл бага байгаа хэдий ч тариалсны дараа хортон шавьж, мэрэгчтэй тэмцдэггүй, шавьжийн эсрэг бодистой гербицидийг андуурдаг, пестицидийн нормыг баримталдаггүй зэрэг асуудал бий.
Нөгөө талаар хүлэмжинд химийн хор хэрэглэсээр байгаа нь органик тариаланг хөгжүүлэх бодлоготой зөрчилдөнө гэж судлаачид үзэж байна. Тиймээс цаашид ургамал хамгааллын ажлын нэгдсэн удирдлагаар хангах, ургамлын хорио цээрийн лабораторитой болох, хорио цээрийн байцаагчдыг чадавхжуулах, хортон шавьж, мэрэгч амьтдын талаар тариаланчдыг мэдлэгжүүлэх зэрэг олон санал дэвшүүллээ.Газар тариалангийн салбарт хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх асуудал чухалд тооцогдож байна. Газар тариалангийн тухай хуульд “тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь
хөдөө аж ахуйн инженер, агрономичтой байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Одоогийн байдлаар ХААИС нь агрономиор 3144, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт, үнэлгээ чиглэлээр 623, хөрс судлал, агрохимийн мэргэжилтэн 100, фермерийн чиглэлийн 159, газар тариалангийн үйлдвэрлэлийн менежментээр 337 мэргэжилтэн, нийт 4000 гаруй мэргэжилтэй боловсон хүчнийг зах зээлд нийлүүлжээ.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод ургамал, газар тариалангийн мэргэжилтнүүдийг дадлагажуулах, мэргэшлийн зэрэг олгох тухай тусгасан байдаг. Өнөөгийн нөхцөлд аж ахуйн нэгжүүд мэргэжилтэй ажилтан авч ажиллуулах, ургамал, газар тариалангийн чиглэлээр залуус сонгон суралцах, боловсролын байгууллагын сургалт, судалгааны бааз суурийг бэхжүүлэхэд хэрэгтэй байгааг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, ургамал хамгааллын тэнхмийн эрхлэгч Б.Одгэрэл хэлж байлаа.
Үндэсний форумд төрийн бус байгууллагыг төлөөлж, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны УЗ-ийн Ш.Шинэбаяр оролцон, Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр, үр ариутгах, тариалалт, ургамал ургалт, ургац хураалт, тээвэрлэлт, хадгалалт гэсэн үе шатуудад үр тариа, төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд гардаг хүндрэл бэрхшээлийн талаар нээлттэй ярьсан. Түүний үзэж байгаагаар, эдгээр үе шатанд техник технологийн шинэчлэл хийх, тариаланчдыг мэдлэг мэдээллээр хангах, дүрэм журмаа ягштал биелүүлэх шаардлагатай байна гэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















