Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн эрүүл мэндийн төвүүд их эмчийн дутагдалтай ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өрхийн эрүүл мэндийн төвүүд их эмчийн дутагдалтай ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд их эмчийн дутагдалтай ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь 2018 оны наймдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас оношлогоо, шинжилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээ зэрэг дөрвөн төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа аж.

Өнгөрсөн онд “Аминхолбоо”, “ГОС ХОТ”, “МЭДСТОБ” өрхийн эрүүл мэндийн төвд 59.2 сая төгрөгийн өртөгтэй дөрвөн автомашин эрүүл мэндийн яамны 5.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх төвүүдэд 3 мотоцикл олгож авто машины парк шинэчлэлийг хийсэн байна. Мөн Гүүд нэйборс ОУБ-аас 6.8 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн ЭХО аппараттай болжээ.

“ГОС ХОТ” өрхийн эрүүл мэндийн төв Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Цахим өрх” төсөл хэрэгжүүлж, албан хэрэгцээний компьютер тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Аймаг орон нутгаас өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах нөхцөлийг дээшлүүлж байгаа хэдий ч өрхийн эмчийн цалин хангалтгүй, ажлын ачаалал их, 1 эмчид оногдох хүн ам стандартаас давсан, залуу боловсон хүчин мэргэжил олгох курст суралцахаар явдаг зэрэгтэй уялдуулан хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг зөвлөлийн хурлаар онцолж байна.

Одоогоор тэтгэвэрт гарсан найман эмчийг ажиллуулж байгаа. Мөн тэтгэвэрт гарах насны 4 эмч ажиллаж байгаа аж. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйлчлэх хүрээг харуулбал: “Аминхолбоо” ӨЭМТ 11773 хүн ам, “ГОС ХОТ” ӨЭМТ 33487 хүн ам, “Гэрэлтэй” ӨЭМТ 10413 хүн ам, “МЭДСТОБ” ӨЭМТ 16476 хүн ам, “Түвшин холбоо” ӨЭМТ 12107 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа статистик гарсан байна. Жилд дунджаар нэг иргэн 3-2 удаа ӨЭМТөвдөө хандаж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байна.

Иймд Засгийн газар эрүүл мэндийн яамны түвшинд нэг иргэнд ноогдох зардлыг 4-5 дахин нэмэгдүүлэх, төгсөлтийн дараах эмчийг ӨЭМТөвд 2-3 жил ажиллуулах зэргээр ӨЭМТ-үүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг холбогдох дээд байгууллагад уламжлан, арга хэмжээг авч өгөхийг аймгийн удирдлагуудаас хүслээ. Мөн дутагдалтай байгаа зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оношлуураар хангахад дэмжлэг үзүүлэх, зардлыг төсөвт суулган захиалж хангах шаардлагатай байна гэв.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах