Өршөөлийн хууль батлагдлаа
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн Өршөөлийн тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэн шийдэж хуулийг бүхэлд нь эцэслэн баталлаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн Өршөөлийн тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэн шийдэж хуулийг бүхэлд нь эцэслэн баталлаа.
Ерөнхийлөгч Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтуудад хэсэгчлэн хориг тавьсан бөгөөд "Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чинадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна. Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй" хэмээн мэдэгдэж байсан юм. Тодруулбал, тэрбээр Өршөөлийн хуулийн нийт долоон зүйлд хориг тавиад байсан.
Чуулганы хуралдааны үеэр гишүүд байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж, санал хэлсэн. Үүний дараа Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсан юм.
Ингэхэд, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр дээрх хэргүүд өршөөлд хамрагдахгүй болж байгаа юм. Харин байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” зарчмын зөрүүтэй санал олонхийн дэмжлэг авсан тул өршөөлд хамрагдахаар болж байна.
Ингээд Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4 зүйл бүхий хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 91.2 хувийн саналаар дэмжсэнээр хууль батлагдлаа. Уг хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм.


















