Өршөөлийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ ээлжит бус чуулганаараа батлаж, хэрэгжүүлсэн.
Мэдээллийн алба

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ ээлжит бус чуулганаараа батлаж, хэрэгжүүлсэн. Тэгвэл хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар УИХ-ын Хууль Зүйн байнгын хорооны дарга болон комиссийн гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны долоо дугаар сарын 2-ны өдрийн 24:00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан байдаг. Тэгвэл хууль хэрэгжсэнээс хойш хэчнээн иргэнийг хамруулж, ямар төрлийн ял шийтгэлээс чөлөөлөөд байгааг УИХ-ын Хууль Зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээллээ.
Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс, УИХ-ын тогтоолоор байгуулагдаж мөн ажилласан. Өнгөрсөн хугацаанд энэ комисс нийт 7 удаа хуралдаж, зарим хорих ангид газар дээр нь очиж ажилласан гэдэг тайлангаа ч хэллээ. Гэхдээ өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх үйл явц өнөөдөр ч үргэлжилж байгаа учраас улсын хэмжээнд хуульд хамрагдсан иргэдийн нэгдсэн тоог эцэслэн гаргах боломжгүй байгааг онцолж энэ сарын 25-ны дотор гэхэд нэгтгэнэ гэлээ.
Өмнө нь хэрэгжиж байсан өршөөлийн хуулиар ял, шийтгэлээс чөлөөлөгдсөн иргэд дахин гэмт хэрэгт холбогдох явдал гардаг байдал энэ удаад ямар хэмжээнд байгааг ч мөн мэдээллээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд нийт 26 иргэн дахин гэмт хэрэгт холбогдон хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа. Гэхдээ энэ тоо нь нийт өршөөлд хамрагдаж суллагдсан иргэдийн нэг хувьд ч хүрэхгүй тоо учраас харьцангүй цөөн гэдгийг онцолж байлаа. Учир нь өмнө энэ тоо хэмжээ долоо орчим хувьтай гардаг байжээ.


















