Өршөөлийн тухай хуульд дахин завсарлага авлаа
УИХ дахь МАН-ын бүлэг Өршөөлийн тухай хуулиар чуулганаас тав хоногийн завсарлага аваад байсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусах байсан ч МАН-ын бүлэг хугацаа нэмж өгөхийг хүссэнээр УИХ-ын дарга нэмэлт гурав хоногийн завсарлага өглөө.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлэг Өршөөлийн тухай хуулиар чуулганаас тав хоногийн завсарлага аваад байсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусах байсан ч МАН-ын бүлэг хугацаа нэмж өгөхийг хүссэнээр УИХ-ын дарга нэмэлт гурав хоногийн завсарлага өглөө.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тайлбартаа, завсарлага авсан шалтгаан нь чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол хоригт тусгагдсан хэсэгчлэн тавьсан зүйл, заалт нэг бүрээр нь санал хураалгах ёстой. Ингэж санал хураалгах процесс байнгын хороон дээр явагдаагүй учраас байнгын хороо дахин үргэлжлэн хуралдаж энэ асуудлаа шийдэх ёстой гэдэг үндэслэлээр завсарлага авсан. Харамсалтай нь энэ долоо хоногийн мягмар гарагт хуралдсан байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн процедурын дутуу асуудлыг шийдье гэсэн боловч байнгын хорооны даргын сонгуулийн асуудлаас болж өнгөрсөн өдрүүдэд шийдэж чадсангүй. УИХ-ын дарга өдөр бүр байнгын хороо хуралдаж асуудлаа дуусгаж оруулж ир гэсэн шаардлагыг тавьж байсан. МАН-ын бүлгийн гишүүд ч Өршөөлийн тухай хуулийг хурдан батлах ёстой, ингэхдээ хуулийн процедурын алдаагаа засаад чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймээс Хууль зүйн байнгын хороог хуралдуулах мөн МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж өгөхийг хүсч байна гэв.
Ингэснээр Өршөөлийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болж буй юм.


















