Өрөөнийхөө агаарыг байнга сэлгэн, цэвэршүүлж байгаарай
Олон хүн нэг дор ажиллах нь өрөөн дэх агаар сэлгэлтийг хийх зайлшгүй шалтгаан юм.
Мэдээллийн алба

Хүний хамгийн их цагаа өнгөрүүлдэг газрын нэг бол ажлын байр. Олон хүн нэг дор ажиллах нь өрөөн дэх агаар сэлгэлтийг хийх зайлшгүй шалтгаан юм. Эрдэмтдийн судалснаар оффисын агаарын бохирдол хотын утаанаас 4-6, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байгааг тогтоожээ. Олон хүний амьсгал, тоос шороо, бүгчим байдал зэрэг агаар бохирдуулах олон хүчин зүйл байгаагаас гадна принтер агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг аж.
Иймээс принтерийг хүмүүсээс аль болох хол байрлуулах, ажлын өрөө тасалгааны агаарыг байнга сэлгэж байх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол ажлын өрөөнд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах нь зүйтэй. Учир нь цэвэр агаарт ажиллаж буй хүний бүтээмж бусад хүнийхээс тав дахин өндөр байдгийг эрдэмтэд тогтоожээ.
Агаар цэвэршүүлэх төхөөрөмж өрөөндөө тавь
Агаар цэвэршүүлдэг олон төрлийн аппарат, төхөөрөмж гарчээ. Тухайлбал, озоны тусламжтайгаар агаарыг ариутгаж, халдваргүйжүүлэн, нянг устгах үйлчилгээтэй аппарат байна. Мөн хасах цэнэгтэй ионоор агаар цэвэршүүлдэг төхөөрөмж байгаа юм. Эдгээрээс сонгон авч хэрэглэж болно. Ялангуяа, албан байгууллагад агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байх шаардлагатай аж.
Өрөөндөө тасалгааны цэцэг ургуулаарай
Тасалгааны түгээмэл ургамлууд хэрхэн агаар дахь хорт бодисуудыг цэвэршүүлж байгааг тогтоосон байдаг. Лак, будаг, цавуу, принтерийн хор болон хивс, хөөсөн тусгаарлагч материал, хуванцар, угаалгын нунтгаас ялгардаг хортой бодисыг сорж аваад оронд нь хүчилтөрөгч ялгаруулдаг ургамлуудын заримаас дурдъя.

Ногоодой (Chlorophytum comosum): Энэхүү цэцэг хоёр өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисын 90 хувийг арилгадаг юм. Ногоодой цэцгийн навч нь хортой бодисыг шүүж, хөгц, мөөгөнцрийг өөртөө шингээж, хивсний материал, тавилга зэргээс ялгардаг өнгөгүй хий болох нүүрстөрөгчийн монооксидыг маш сайн шүүж, ариутгадаг.
Авиргана (Hedera helix): Авиргана цэцэг хүний анхаарал төвлөрч, сэтгэн бодох чадвар нэмэгдүүлэхэд онц сайн тустай юм байна. Тиймээс авиргана цэцгийг бичгийн ширээний орчимд байрлуулах хэрэгтэй. Авиргана нь компьютер, принтер, цааснаас ялгарах өнгөгүй хорт бодисыг өөртөө шингээж саармагжуулдаг.
Нөмөргөнө (Peace Lily): Агаар дахь нянг 60 хувь хүртэл бууруулах онцгой чанартайн дээр эмэгтэйчүүдэд бүр ч илүү ач тустай цэцэг юм. Нөмөргөнө цэцэг агаарт ууршсан ацетон болон алкахоль агуулсан бодисыг шингээж авдаг.
Мөнхрөө (Sansevieria trifasciata): Хамгийн шилдэг агаар цэвэршүүлэх чадвартай цэцэг гэх тодотголыг ногоодой цэцэгнээс гадна мөнхрөө цэцгийг нэрлэдэг. Агаар дахь элдэв химийн хорт бодисыг шүүж цэвэрлэхээс гадна мөнхрөө өдөр, шөнийн аль ч цагт хүчилтөрөгч ялгаруулдаг байна.
Зуун наст (Aloe Vera): Зуун настын анагаах чадварын тухай сонсож байгаагүй эмэгтэй хүн гэж үгүй биз ээ. Гоо сайханд, дотор эрхтэнд маш сайн нөлөөтэй энэхүү цэцгийг гэртээ олноор нь таривал ямар ч өндөр технологийн агаар шүүгчээс илүү үр дүнтэй байх болно. Цахилгаанаар ажилладаг агаар шүүгч эдийн засгийн нэмэлт зардал шаарддаг бол зуун настыг тарихад гэрэл, ус хоёроос өөр нэмэлт зүйл бараг хэрэггүй.
Эх сурвалж: Архангай аймгийн ЭМГ


















