“Ус ба эрчим хүч” уриан дор туршлага солилцлоо
НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” хэмээн тэмдэглэж байгаа. Энэ онд “Ус ба эрчим хүч” гэсэн уриаг дэвшүүлсэн байна.
Мэдээллийн алба

НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” хэмээн тэмдэглэж байгаа. Энэ онд “Ус ба эрчим хүч” гэсэн уриаг дэвшүүлсэн байна.
Эрчим хүчний яамнаас Усны үндэсний хороотой хамтран “Ус ба эрчим хүч” уриан дор Дулааны цахилгаан станц, Усан цахилгаан станц, Дулааны шугам сүлжээний усны хэрэглээ, усыг хэмнэх, зүй зохистой ашиглах талаар хэлэлцүүлгийг зохион байгуулж шинэ техник технологи, туршлагаа солилцлоо. Хэлэлцүүлэгт “Монгол ус” ТӨҮГ, Усны үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтнүүдээс гадна эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд оролцож усны хэрэглээгээ хэмнэх талаар авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа.
Эрчим хүчний үйлдвэр, компаниуд усыг хэмнэх зорилгоор олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгааг ЭХЯамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Түлш, дулааны хэлтсийн дарга Т.Батдондог илтгэлдээ дурдаж байлаа. Дулааны цахилгаан станцууд усны хэрэглээнд хяналт тавихын тулд цех бүрт хэмжүүр байрлуулж, зуухны үнс барих төхөөрөмжид үндсэн сангийн тунгаагдсан усыг дахин ашиглах, цацруулах бассейныг алдагдал багатай хөргөх цамхагаар солих, хөргөх цамхагуудад засвар шинэчлэлтийг хийж усны зарцуулалтыг бууруулах зэрэг олон арга хэмжээ авч байгаа аж.
Тухайлбал, Дарханы дулааны шугам сүлжээ ХК болон Багануурын дулааны станц нь дулаан хангамжийн нээлттэй системийг хаалттай системд шилжүүлсэн, “Дорнод бүсийн эрчим хүчний систем”, “Даланзадгадын дулааны цахилгаан станц”, “ДЦС-4”ХК-иуд ус бэлтгэхдээ эсрэг осмосын төхөөрөмжийг суурилуулсан зэрэг бодит хэмнэлт байгааг усны мэргэжилтнүүд онцлож байна. Мөн хэлэлцүүлгийн үеэр “Усны эрчим хүч ашиглалт дэлхий дахинд ба Монголд” сэдвээр “Усны эрчим” ХХК-ийн захирал Б.Дагвадорж, Усны эрчим хүчинд ашиглаж байгаа шинэ технологийн тухай ШУТИС-ийн багш доктор, профессор н.Басандорж нар илтгэл тавьсан юм.


















