Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нарт зориулсан “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, хөндлөнгийн хяналт хийх арга зүйд сургах” сэдэвт үндэсний сургалтыг өнөөдөр ЭМЯ-нд эхлүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ
Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нарт зориулсан “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, хөндлөнгийн хяналт хийх арга зүйд сургах” сэдэвт үндэсний сургалтыг өнөөдөр ЭМЯ-нд эхлүүлжээ.

Уг сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, НМХГ-ын дэд дарга М.Баасандорж, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд, ДЭМБ-ын Бүсийн зөвлөх Вон Хилденбранд Александр, Ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн С.Бумаа болон орон нутгийн байцаагчид оролцсон юм.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлсэн үгэндээ уг сургалт, семинарийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулж ажилласан ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ДЭМБ-ын хамт олонд болон ДЭМБ-ын бүсийн зөвлөх Вон Хилденбранд Александрт талархлаа илэрхийлээд, Дэлхийн олон улс оронд төдийгүй манай улсын хувьд ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь хүн амыг аюулгүй ундны усаар тасралтгүй хангах асуудал байсаар байгаад онцлов.

Азийн таван оронд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлснээр ундны усны аюулгуй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд эрсдлийн үнэлгээ хийх, эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа ажээ.

Энэ сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг сургалтаар оролцогчид жижиг суурин газарт Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Сум, багийн түвшинд Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний баг бүрдүүлэх, олон нийтийн оролцоог хангах, Ус хангамжийн эх үүсвэр, хамгаалалт, дэглэм, Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж буй туршлага зэрэг олон асуудлаар хэлэлцэх юм.

Мөн энэхүү сургалтын явцад “Ариун цэврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдаар хэлэлцүүлж, санал авахаар төлөвлөсөн байна.

Түлхүүр үг:Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ
Хуваалцах