Усны үйлчилгээний чанарыг сайжруулна
Улаанбаатар хотын усан хангамж, өнөөдөр ба ирээдүй сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд хоёрдугаар сарын 14-нд боллоо.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын усан хангамж, өнөөдөр ба ирээдүй сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд хоёрдугаар сарын 14-нд боллоо.
Нийслэлийн нийт иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг ч шаардлага хангасан усан хангамж, ариутгах татуургын системгүй. Энэ нь ахуйн орчноос үүдэлтэй өвчлөл, хөрсний биологийн бохирдлыг үүсгэх үндэс нь болдог. Гэр хороололд оршин суугч нэг хүний хоногийн усны хэрэглээ нь төвлөрсөн инженерийн хангамжтай орон сууцны оршин суугчаас даруй 30-40 дахин бага байна. Нийслэл хотын гэр хороолол, зуслангийн 180 мянга гаруй айл өрхийн энгийн жорлон, муу усны нүх байгаагаас хөрс, хөрсний ус, агаар ихээхэн бохирддог. Цаашид цэвэр усны шугамыг ариутгах татуургын шугам сүлжээтэй хамт барих, шугам сүлжээг гэрт нь оруулан холбох зайлшгүй шаардлага байна.
Мөн усны эх үүсвэрүүд болон Туул голын ай савд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоох, эрхзүйн орчныг бүрдүүлэх, усны нэгдсэн менежментийг тодорхойлон хэрэгжүүлэх, гадаргуун шинэ эх үүсвэрийг гүний эх үүсвэртэйгээ хосолмолоор ашиглах, усны хэмнэлттэй зохистой хэрэглээг дээдэлж, орон сууцны айл өрхийг тоолууржуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, усны үнэ тарифийг чөлөөлөх, төр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг оролцогчид онцолсон.
Түүнчлэн усны чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, цаашид хийх ажлын талаар санал солилцдлоо. Хэлэлцүүлгээр төрийн захиргааны төв байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж ундны усны үнэ тарифийг чөлөөлөх, усны зохистой хэрэглээг бүрдүүлэх, салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг олон асуудлуудыг тусгахаар санал нэгдлээ.


















