Өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
Хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар зөв дадал хэвшил олгож, эрүүл аж төрөх талаар мэдээлэл өгөх нь төслийн гол зорилго юм байна.
Мэдээллийн алба

Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой систем байгуулах төслийг манай улс Японы Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар зөв дадал хэвшил олгож, эрүүл аж төрөх талаар мэдээлэл өгөх нь төслийн гол зорилго юм байна. Өсвөр насны охидын жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол сүүлийн жилүүдэд харьцангуй олон бүртгэгдэх болжээ. Ийм эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд уг төслийг хэрэгжүүлж байгаа тухай төслийн ерөнхий менежер ярьсан юм.
Өсвөр насныхны үе тэнгийн зөвлөхүүдийг бэлтгэх сургалтыг Японы Жичи анагаах ухааны их сургуулийн мэргэшсэн багш нартай хамтран явуулна. Япон улсад өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсрол, зөв амьдрах дадлагад суралцах чиглэлд анхаарлаа хандуулах зорилгоор энэхүү төслийг 16 жилийн турш хэрэгжүүлж байгаа аж. Өсвөр үеийнхэнд зориулсан эрүүл амьдралын зөв хэвшил олгох төслийг захын хорооллын сургуульд явуулахаар эхний ээлжинд 71 дүгээр сургуулийг сонгосон байна. Төслийн явцад гурван шатны судалгаа хийж, өсвөр үеийнхний эрүүл мэнддээ хандах хандлага, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг дадлыг судлах юм байна. Судалгааны үр дүнг төслийн цаашдын ажиллагаанд тусгах, бодлого боловсруулагчдад танилцуулах төлөвлөгөөтэй байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.


















