Утаа их ялгаруулж байгаа автомашинуудын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ
Өмнөд Солонгос улсын нийслэлд утаа тортог их ялгаруулж байгаа автомашинуудыг аль болохоор хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч эхэлжээ. Тус хотын албаныхан ням гарагаас хойш 400 гаруй жолоочид торгууль ногдуулаад байна.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын Сөүл хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд утаа тортог их хэмжээгээр ялгаруулж байгаа хуучин авто машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч эхлээд байна.
Ням гарагаас эхлэн Сөүл хотод шинэ дүрэм мөрдөгдөж, энэхүү журмыг зөрчсөн 400 гаруй жолоочид торгууль ногдуулжээ. Шинээр мөрдөгдөж байгаа журмын дагуу 5 дугаар түвшний үнэлгээтэй буюу эко-хөдөлгүүрийн хамгийн бага зэрэглэлтэй машинуудыг Сөүл хотын ногоон бүс рүү өглөөний 6-аас оройн 9 цагийг хүртэл нэвтрэхийг хоригложээ.
Энэ ногоон бүс нь Сөүл хотын төвийн хэсэг юм. Шинэ журмыг зөрчсөн жолооч нарт 200 ам.долларын торгууль ногдуулахаар байна. Гэхдээ энэ журам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин болон түргэн тусламжийн техник хэрэгсэлд үйлчлэхгүй юм. Үүнээс гадна утаа болон шатахуун шүүгч суурилуулсан автомашинуудад хамаарахгүй аж.


















