Уураар биш ухаанаар
Коронавируст халдвар цар тахалтай холбогдуулан Монгол Улс хатуу хөл хорионд шилжсэн энэ үеийг иргэд та бүхэн гэр бүлтэйгээ ярилцах, ойлголцох боломж гэж харахыг хүсч байна
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяныг өнгөрсөн сарын 25-нд “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъё” уриатайгаар эхлүүлсэн. Өнөөдөр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн сүүлийн өдөр. Гэхдээ хүчирхийллийн эсрэг тэмцэл тасралтгүй буюу жилийн 365 хоног үргэлжилсээр байх ёстой.
Дэлхийн олон улс оронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил, өсөх хандлагатай байна. Манай улсын тухайд эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил мэдээлэл 8982 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил нэмэгдсэн ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 65.4 хувиар буурчээ.
Өөрөөр хэлбэл бид гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэргийлж чадаж байгаагийн жишээ юм. Коронавируст халдвар цар тахалтай холбогдуулан Монгол Улс хатуу хөл хорионд шилжсэн энэ үеийг иргэд та бүхэн гэр бүлтэйгээ ярилцах, ойлголцох боломж гэж харахыг хүсч байна.
-Гэртээ байгаа энэ цаг мөчид үр хүүхэд, хань ижилтэйгээ яг одоо Ярилцъя
-Хэрвээ таны эргэн тойронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа бол яг одоо Мэдээлье
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэж яг одоо яг одоо Оролцъё
























