Үүсмэл хэлцэл байгуулах журмыг шинэчлэн баталлаа
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-341 дүгээр тушаалаар “Урт хугацаат своп хэлцлийн журам”, “Валютын своп, форвард хэлцлийн журам”-ыг тус тус шинэчлэн баталлаа.
Мэдээллийн алба

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-341 дүгээр тушаалаар “Урт хугацаат своп хэлцлийн журам”, “Валютын своп, форвард хэлцлийн журам”-ыг тус тус шинэчлэн баталлаа.
Дээрх журмуудыг шинэчлэн баталснаар Монголбанкнаас арилжааны банкуудтай байгуулах урт, богино хугацаат санхүүгийн үүсмэл хэлцлийн мөнгөн урсгал, нөхцөлийг олон улсын стандартад нийцүүлэх, арбитражийн боломжийг хязгаарлах нөхцөл бүрдсэн. Мөн банкууд ирэх онд хийгдэх гадаад валютын санхүүжилтийн төлөвлөгөө гаргах, хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдлыг бууруулахад эерэгээр нөлөөлнө.
“Урт хугацаат своп хэлцлийн журам”-д Монголбанкнаас арилжааны банктай урт хугацаат (1 жилээс дээш хугацаатай) своп хэлцэл байгуулахад баримтлах нөхцөл, түүнтэй холбогдох харилцааг зохицуулсан бөгөөд тус хэрэгсэл нь гадаад валютын орох урсгалыг дэмжих, ханшийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог бий болгох, зээлийн долларжилтыг бууруулах ач холбогдолтой.
“Валютын своп, форвард хэлцлийн журам”-д Монголбанкнаас арилжааны банктай богино хугацаат (3 сар хүртэлх хугацаатай) своп, форвард хэлцэл байгуулахад баримтлах нөхцөл, түүнтэй холбогдох харилцааг зохицуулсан. Тус хэрэгсэл нь банкуудад төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа хангахад дэмжлэг үзүүлэх, спот зах зээлийн дарамтыг бууруулах, ханшийн эрсдэлээс хамгаалах болон санхүүгийн үүсмэл хэрэгслийг хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж Монголбанкнаас мэдээллээ.


















