Өвгөн ноён алдарт азаргануудтайгаа хамт заларчээ
Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Хан Хэнтий нутгийнхны бахархал болсон Халхын их хүлэг шинжээч, Хардэл жанжин бэйс Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит хөшөөт цогцолбор сүндэрлэн босчээ.
Мэдээллийн алба


Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Хан Хэнтий нутгийнхны бахархал болсон Халхын их хүлэг шинжээч, Хардэл жанжин бэйс Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит хөшөөт цогцолбор сүндэрлэн босчээ. Энэ цогцолборт Өвгөн ноёны хөшөөнөөс гадна түүний домогт хурда азарганууд болох Элбэг хээр, Идэр хээр, Зандан хүрэн, Өлгөр хүрэн, Хонгор зээрд, Хэнз халтар зэрэг зургаан азарганы хөшөөг босгосон байна. Энэхүү хөшөөт цогцолборыг “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбоо санаачлан барьж босгосон юм байна.
Хөшөөт цогцолборын нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс, зочид төлөөлөгчид оролцов. Мөн Өвгөн ноёны дөрөв дэх үеийн зээ охин болон түүний үр хүүхдүүд нь хүрэлцэн ирсэн байлаа.


















