Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Улс төр

“Увс-2026” хамтарсан сургалт, дадлага болон Увс аймгийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өндөрлөлөө

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
“Увс-2026” хамтарсан сургалт, дадлага болон Увс аймгийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өндөрлөлөө
“Увс-2026” хамтарсан сургалт, дадлага болон Увс аймгийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургалт, дадлага болон Увс аймгийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвард, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан арга хэмжээнд баруун бүсийн таван аймаг болон ОБЕГ-ын харьяа анги, байгууллагын алба хаагчид, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн оролцлоо.

Энэ удаагийн сургалт, дадлага, сургуулиар удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргалт, байгууллагуудын харилцан ажиллагаа, томилгоот хүч хэрэгслийн бэлэн байдал, аврагчдын мэргэжлийн ур чадварыг уялдуулан дадлагажуулж, төлөвлөгөө, шийдвэрийг штабын болон талбайн ажиллагаагаар туршсанаараа онцлог байв.

Академик сургалтад аймгийн Онцгой комисс, орон нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 100 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт, ослын үеийн удирдлагын тогтолцоо, шуурхай удирдлагын төвийн ажиллагааны талаар мэдлэг, туршлага солилцлоо. Сургалтын өмнөх болон дараах үнэлгээг харьцуулахад оролцогчдын мэдлэгийн өөрийн үнэлгээний дундаж 22.7 хувиар өссөн байна.

Бэлэн байдлын үзлэгээр гамшгаас хамгаалах 16 алба, 12 мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын томилгоот нийт 526 алба хаагч, 60 нэгж техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Штабын дадлагыг үер, зудын хоёр ерөнхий цагийн байдалд тулгуурлан, тус бүр хоёр өрнөлтэйгөөр 18 цагийн турш зохион байгуулсан юм. Оролцогчид нөхцөл байдлыг үнэлэх, хүн амыг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагаа, яаралтай тусламж, нөөц, хангалтыг төлөвлөх, хүч хэрэгслийг хуваарилах чиглэлээр ажиллав. Мөн цахим систем ашиглан мэдээлэл солилцох, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг тайлагнах ажиллагааг туршлаа.

Техникийн хамтарсан сургалтад 154 алба хаагч 31 сургагч багшийн удирдлага дор гурван өдрийн турш долоон чиглэлээр хамрагдав.

Гал түймэр унтраах, хот, суурин газар, өндөр болон уснаас эрэн хайх, аврах, химийн осол, аюултай бодисын үеийн хариу арга хэмжээ, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, кибер аюулгүй байдал, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ зэрэг чиглэлээр танхимын болон дадлагын сургалт явууллаа.

Хээрийн дадлага, нэгдсэн дуурайлган үзүүлэх сургуулиар мэргэжлийн багуудын харилцан ажиллагааг бататгаж, агаараас эрэн хайх, аврах чиглэлээр нийт долоон цагийн нислэгийн дадлага гүйцэтгэв. Хяргас нуурт уснаас эрэн хайх, аврах болон гүний усны дадлага зохион байгуулж, хоёр улсын аврагчид тоног төхөөрөмжийн ашиглалт, багийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах туршлагаа хуваалцлаа.

Хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Бидний хамтын ажиллагааны хамгийн эрхэм үр дүн нь аврагдсан хүний амь нас, аюулгүй болсон гэр бүл, эрсдэлийг даван туулсан орон нутгийн амьдралаар хэмжигдэх болно” хэмээн онцолж, АНУ-ын сургагч багш, нийт бүрэлдэхүүн болон хамтран зохион байгуулагчдад талархал илэрхийллээ.

Мөн сургуулийн үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө гаргах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хүч хэрэгслийн судалгааг шинэчлэн тодотгох, эзэмшсэн мэдлэг, ур чадварыг давтан бэлтгэлээр бататгах, бэлэн байдлын хэрэгцээг орон нутгийн бодлого, төсвийн төлөвлөлттэй уялдуулан шийдвэрлэхийг онцлов.

Энэхүү сургалт, дадлага, сургууль нь орон нутгийн гамшгийг даван туулах чадавх, баруун бүсийн байгууллагуудын харилцан дэмжлэгийг бэхжүүлж, Монгол, Америкийн аврагчдын мэргэжлийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлсэн арга хэмжээ боллоо.

Хуваалцах