Хүн, хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Мэдээллийн алба

Прокурорын байгууллага 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,732 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Дээрх хугацаанд 1,359 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 848 хэрэг шинээр нээж, 422 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 167, Өмчлөх эрхийн эсрэг 97,Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 96, Авлигын эсрэг 17, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 3, Эдийн засгийн болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэргээс шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар тоймлон хүргэж байна.
Авлигын хэргийн талаар
- Т.О нь ... дүүргийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа иргэн М.Э, Ц.Э нартай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цахим мэдээллийн сангаас нэр бүхий иргэний зөвшөөрөлгүйгээр иргэний үнэмлэхийн лавлагааг хууль бусаар гарган авч, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотариатчаар гэрчлүүлэн Ц.Э-д шилжүүлэн давуу байдал бий болгож, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах), нотариатч Д.Г-д Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Гадаад улсын иргэн Ю.Ж, иргэн Г.Б нар бүлэглэн, "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд 1120 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх, шаардлагатай санхүүжилт болох 100 сая ам долларыг гадаад улсаас оруулж ирнэ, банкны 1 хувийн шимтгэлийг гаргаж хамтран ажиллана” гэж “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хуурч, барилга барих, хөрөнгө оруулалт хийх боломжгүй илтэд зохиомол байдлыг зориудаар бий болгож хөрөнгө оруулалт болон зээлийн гэрээ байгуулж, 2021-ээс 2022 оны 4 сар хүртэлх хугацаанд нийт 865.4 сая төгрөг шилжүүлэн авч “Т” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт (залилах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах хэргийн талаар
- Б.О, О.Б нар нь бүлэглэж, НҮБ-ын 1961 оны "Мансууруулах эмийн тухай" конвенцын І жагсаалтад багтдаг "кокайн" гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмжийн газраар дамжуулан 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.У, Б.Б нар нь 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ... аймгийн нутаг дэвсгэрээс дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.


















