Увс аймагт “шударга ёс” ялжээ
Төрийн албан хаагчийн хөнгөлөлттэй орон сууцыг 2012 оны 12-р сарын 3-нд аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр ажлаа өгөхөөсөө өмнө нэр бүхий 16 хүнд хувиарласан байна. Энэхүү шийдвэр нь дарга нарт давуу боломж олгосон эрх зүйн үндэслэлгүй, аймгийн Засаг даргын эрх хэмжээнд үл хамаарах асуудал хэмээн ү
Мэдээллийн алба

Төрийн албан хаагчдын III ээлжийн 16 айлын хөнгөлөлттэй орон сууцыг нэр бүхий 16 төрийн албан хаагчид хувиарласантай холбоотой захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ сарын 16-ны өдөр болсон юм.
Тус шүүхээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр нь үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон Засаг дарга Д.Цэндсүрэнгийн захирамж хууль зүйн үндэслэлтэй хэмээн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх үзсэн байна.
Төрийн албан хаагчийн хөнгөлөлттэй орон сууцыг 2012 оны 12-р сарын 3-нд аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр ажлаа өгөхөөсөө өмнө нэр бүхий 16 хүнд хувиарласан байна. Энэхүү шийдвэр нь дарга нарт давуу боломж олгосон эрх зүйн үндэслэлгүй, аймгийн Засаг даргын эрх хэмжээнд үл хамаарах асуудал хэмээн үзэж аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн 2013 оны нэгдүгээр сарын 14-нд өмнөх захирамжийг хүчингүй болгожээ. Учир нь төрийн албан хаагчдын орон сууцыг аймгийн Засаг дарга биш, ИТХ-ын тэргүүлэгчдээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Харин үүнийг эсэргүүцсэн тухайн үед байрны квотод багтсан нэр бүхий 11 иргэн Захиргааны хэргийн гурван шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр ийнхүү эцсийн байдлаар гараад байгаа ажээ.
Харин түрүүчийн хоёр шүүх хурлаар Төрийн албан хаагчдын орон сууцыг хувиарласантай холбоотой давж заалдах шатны шүүх хурал 9-р сарын 04-нд нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд болсон юм. Уг хурлаар Увс аймгийн 11 иргэний нэхэмжлэлтэй Засаг даргад холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх шийдвэр гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын 3-р ээлжийн 16 айлын орон сууцны өмнөх хувиарлалт буюу дарга нар авсан байсныг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамжийг хүчинтэй хэвээр үлдээсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хурал Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 2013 оны 07 дугаар сарын 01-нд болж, шүүхийн 37-р тогтоол гарсан. Тус шүүхийн шийдвэрээр “Төрийн албан хаагчийн орон сууцыг хэн авахыг хувиарлах нь аймгийн Засаг даргад хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээнд үл хамаарах бөгөөд тэгш эрхийн болон шударга ёсны зарчмыг алдагдуулсан” хэмээн дүгнэсэн юм. Ингэснээр аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнгийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн, нэхэмжлэгчдээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Ийнхүү татвар төлөгчийн хөрөнгөөр боссон төрийн албан хаагчийн хөнгөлөлттэй орон сууцыг авах ёстой бол дарга нар биш, хүүхдийн өмнө насаараа зогссон багш, хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж яваа эмч, эмнэлгийн ажилчид, иргэдийнхээ эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө зогсож байгаа цагдаагийн байгууллагын ажилтангууд, мөн бусад төрийн албан хаагч нар авах ёстой гэж шударга ёсыг эрхэмлэж жирийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнгийн шийдвэр бүх шатны шүүх хурлуудаар зөв гэдэг нь батлагдаж Увс аймагт нэг ч гэсэн шударга ёс ялаад байгаа нь энэ юм.
Дарга нарын эрхийг хязгаарлаж хөнгөлөлттэй орон сууцыг цаашид эрх мэдэлтэнгүүдэд хуваарилах бус байгууллага хамт олны хурлаар хэлэлцэж, олгож байх аймгийн Засаг даргын шударга ёс, тэгш эрхийг эрхэмлэсэн шийдвэр биелэлээ оллоо.


















