Увс аймгийн Малчин суманд Орос хэлний төв байгуулагдлаа
шинээр байгуулагдсан Орос хэлний төвд одоогоор 5-14 насны 30 гаруй хүүхэд суралцаж байгаа аж.
Мэдээллийн алба

Нийслэлээс 1650 км, Увс аймгийн төвөөс 110 км зайд оршдог тус аймгийн Малчин сумын ерөнхий боловсролын сургуульд ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Энхбадрал багшийн санаачилгаар Орос хэлний төв байгуулагджээ. Малчин сумын сургууль орос хэлний нэг багштай бөгөөд шинээр байгуулагдсан Орос хэлний төвд одоогоор 5-14 насны 30 гаруй хүүхэд суралцаж байгаа аж.
Б.Энхбадрал багш дээрх Орос хэлний төвөөр дамжуулан тус баг, суманд амьдарч буй хүмүүст орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, Улаанбаатар дахь ОШУСТ-тэй хамтран соёлын хөтөлбөр болон төслүүдийг хэрэгжүүлж нутгийнхаа хүүхэд, залуучуудыг хамруулах юм байна.
Сонирхуулахад, ОХУ-ын Россотрудничество агентлаг Монгол Улсад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймаг, сумдад Орос хэлний төв нээхээс гадна орос хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж буй хувь хүмүүс, хувийн хэвшлийн боловсролын төвүүдийг сургалт, заах аргазүйн сурах бичиг, орос хэлний орчин үеийн хэвлэмэл болон аудио, видео гарын авлага, сонгодог утга зохиолын шилдэг бүтээл болон сургалтын нөхцөлөөр хангахад дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн Улаанбаатар дахь ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвд орос хэл заах аргазүйн мэргэжлийн сургалт, хамтарсан төсөл хэрэгжүүлж, дэмжин ажилладаг юм.


















