Өвөл, хавар хүүхдээр хурдан морь унуулахыг хориглов
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын энэ сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт" шинэчлэгдэн батлагдсан.
Мэдээллийн алба

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын энэ сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт" шинэчлэгдэн батлагдсан. Дээрх журамд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Хөдөлмөрийн эрүүл ахуй, ажлын байрны орчны стандартын шаардлага хангаагүй ажлын байр, химийн хорт болон аюултай бодис, тэсрэх, шатамхай материалтай харьцах зөөвөрлөх ажил, цацраг идэвхит болон биологийн бодистой харьцах бүх ажил, суурилагдсан тоног төхөөрөмж, эргэлдэх машин механизм болон даралтат сав хийн зуухтай орчин бүхий ажил зэрэг ажлын байранд насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон байна.
Мөн насанд хүрээгүй хүний гараар өргөх, зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээг Монгол Улсын стандартын шаардлагын дагуу тусгажээ.
Дээрх шинэчлэгдсэн журамд өвөл, хаврын морин уралдаан, сунгаа, үсэргээнд насанд хүрээгүй хүнд хурдан морь унуулахгүй байхыг заасан байна. Шинэчлэгдсэн журамтай холбогдуулан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтарсан санамж бичгийг гаргаж сумдад хүргүүлээд байна. Санамж бичигт жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд сумынхаа нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулахыг хориглосон захирамж гаргах, журам зөрчигдсөн талаар хууль хяналтын байгууллагад мэдээлэх, хүүхдийн эрхийн зөрчилд хүүхэд хамгааллын хамтарсан багаар хариу үйлчилгээ үзүүлэх, боловсрол эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх, харгалзан дэмжигч, эцэг, эхийг ажлын байртай болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр дээрх хоёр хэлтэс орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах юм байна.

Б.Отгонбавуу


















