Өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна
Аймаг дундын отрын бүс нутаг “Бор Аргалант”-д Бууцагаан сумын 13 өрхийн 18.2 мянга, Баянцагаан сумын 10 өрхийн 8.5 мянган мал өвөлжих тооцоо гарсан.
Мэдээллийн алба

Аймаг дундын отрын бүс нутаг “Бор Аргалант”-д Бууцагаан сумын 13 өрхийн 18.2 мянга, Баянцагаан сумын 10 өрхийн 8.5 мянган мал өвөлжих тооцоо гарсан. Ихэнх малчин өрх отор нүүдлээр гадагшаа явахгүй өөрийн сум, орон нутагт өвөлжих буюу 11897 малчин өрхийн 6840.7 мянган мал өвөлжих урьдчилсан төлөв гарсан байна.
Баянхонгор аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрч гарлаа. Энэ зун нутгийн хойд хагаст бороо хур ихтэй, зуншлага сайн, харин говийн нутгаар долоодугаар сарын сүүлчээс зуншлагын байдал дээрдсэн. Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Богд, Жинст сумын ихэнх нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.


















