Өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн урьдчилсан мэдээгээр 2015-2016 онд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа.
Мэдээллийн алба

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн урьдчилсан мэдээгээр 2015-2016 онд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа. Тиймээс холбогдох албаныхан өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн 15 аймаг, 37 сумыг анхааралдаа авч, эрүүл мэндийн үйлчилгээний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл 16 аймагт 90-ээс доош хувьтай байгаагийн дотор Дорноговь аймагт 74.9, Баянхонгорт 78.7, Дундговьд 81.3, Хөвсгөлд 81.7, Увсад 82.1, Говь-Сүмбэрт 82.3, Төв аймагт 82.5 хувийн биелэлттэй, нийт аймгийн 80 шахам хувь нь бэлтгэлээ дутуу хангасан дүнтэй байна. Дунджаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.9 хувьтай хангагдсан гэдгийг Шадар сайд Ц.Оюунбаатар мэдэгдлээ.
Одоогоор Увс, Булган аймгийн ихэнх нутаг, Төв аймгийн баруун хэсэг, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг, Завхан, Говь-Алтайд өвөлжилт хүндэрч эхэлсэн байгаа юм. Түүнчлэн Онцгой байдлын хувьд зунаас эхлэн өвс, тэжээлийн бэлтгэл хангахад анхаарлаа хандуулж, өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн аймаг руу нөөцийг хүргүүлсэн. Гэсэн хэдий ч зарим аймаг өвөлжилтийн бэлтгэлээ дутуу хангасан нь эргээд хүндрэл үүсгэж болзошгүй байгаа аж.


















