Вакциныг нь хийлгэсэн хүнд БНХАУ визийн хөнгөлөлт үзүүлнэ
БНХАУ өөрийнх нь гарган авсан коронавирусний вакцин хийлгэсэн хүнд визийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ
Мэдээллийн алба

БНХАУ өөрийнх нь гарган авсан коронавирусний вакцин хийлгэсэн хүнд визийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Япон, Тайланд, Филиппин, Вьетнам зэрэг орнууд дахь Хятадын Элчин сайдын яам бизнес эрхлэгч, түүний гэр бүлийнхэн Хятадын вакцин хийлгэснийг нотлох бичигтэй бол виз олгоход шаарддаг материалаас зарим материалыг хасаж байгааг мэдээлжээ.

Хятадын энэ шийдвэр олон улсын аялал жуулчлалыг хэвийн болгох зорилготой юм байна. Гэхдээ өөрийнх вакциныг заавал хийлгэ гэж албадаагүй, вакцин хийлгээгүй аялагчаас визийн материалыг урьдын адил шаардана гэж Хятадын Элчин сайдын яамны ажилтан тайлбар өгсөн байна.
Одоогоор Хятадын коронавирусний аль ч вакциныг Япон улсад бүртгэж аваагүй байгаа юм байна. Хятадын энэ алхам дотооддоо гарган авсан коронавирусний вакцинуудаа олон улсад сурталчлах зорилготой гэж шинжээчид үзэж байна. Энэ үеэр Хятад НҮБ-ын энхийг сахиулагчдад "Ковид-19" цар тахлын эсрэг 300 мянган тун вакцин хандивлахаар төлөвлөж байгааг тус улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч мэдэгджээ.


















