Великий Добронь бол халуун чинжүүний өлгий нутаг...
Унгарын хилийн ойролцоох Украины Великий Добронь тосгон нь өнгөрсөн зууны эхэн үеэс нэг л бүтээгдэхүүнээрээ алдартай байсан. Тэр нь улаан чинжүү юм.
Мэдээллийн алба

Унгарын хилийн ойролцоох Украины Великий Добронь тосгон нь өнгөрсөн зууны эхэн үеэс нэг л бүтээгдэхүүнээрээ алдартай байсан. Тэр нь улаан чинжүү юм. Тосгоны айл болгон байшингаа улаан чинжүүгээр чимэглэсэн байдаг. Намрын улирал ургацаа хурааж авсан тосгоныхон ийм аргаар улаан чинжүүгээ хатаан амтлагчаа хийдэг уламжлалтай.

Тосгоны бүх айл улаан чинжүүний перец үйлдвэрлэгчид гэхэд болно. Жил бүр тус тосгоныхон 200 кг амтлагч бэлтгэдэг байна. үүний тулд ургацаа хурааж, ангилж ялгаад, утсанд хэлхэн улмаар наранд хатаадаг гэнэ. Тиймээс ч Великий Добронь тосгон алсаас тод улаан өнгөтэй харагдахаар байдаг аж. Хатаасан чинжүүгээ тусгай төмөр хавтан бүхий өрөөнд хадгалдаг. Халуун өдрүүдэд энэ өрөөнийх нь хэм Цельсийн нэмэх 50 хэмд хүрдэг байна. Сайн чанарын улаан перец хийхэд дулаан онцгой чухал байдаг гэнэ. Улаан чинжүүний амтлагч хийдэг тосгоны оршин суугчдын нэг бол Александр Сани юм. тэрээр энэ бизнесээ өвөөгөөсөө өвлөн авсан бөгөөд үр ачдаа ч өвлүүлэн үлдээхийг хүсдэг нэгэн юм.

Гэхдээ залуучууд энэ бизнес ашиг муутай учир бас эрхлэхийг хүсдэггүй болсныг тосгоны ахмадууд ярьж байна. үнэхээр ч нэг кг улаан перец 80 гривен буюу 3 орчим евро байдаг байна. Бүхэл улирлын турш хичээнгүй ажилласан гэр бүл ойролцоогоор 8 мянган гривен буюу 300 еврогийн ашиг л олдог байна. хэдийгээр хүнд хэцүү ч тосгоны нэрийн хуудас болсон энэ бизнесээ үргэлжлүүлж явах ёстой гэдгийг оршин суугчид нь ярьж байна. Мөн өдөр тутмын хоол ундандаа байнга энэ амтлагчийг хэрэглэдэг учир тариалалт, боловсруулалт гээд уламжлал нь алдагдахгүй байх гэж найддаг аж.



















