Вена хотод ковидын арга хэмжээг эсэргүүцэгчид жагсаал хийж байна
Цагдаа нарын мэдээлснээр Вена хотод дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа жагсаалд 44 мянга орчим хүн оролцжээ.
Мэдээллийн алба

Австри улсад Ковид-19-ийн тархалтыг таслан зогсоох арга хэмжээ, тэр дундаа албадан вакцинжуулалтыг эсэргүүцэн ард иргэд жагсаал зохион байгуулжээ. Цагдаа нарын мэдээлснээр Вена хотод дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа жагсаалд 44 мянга орчим хүн оролцжээ.
Өнгөрсөн сард Австри улс вакцин хийлгэсэн хүмүүстээ чөлөөтэй зорчих эрхийг эргэн сэргээсэн баруун Европын анхны улс болсон. Гэхдээ вакцинд хамрагдаагүй хүмүүст хязгаарлалт үргэлжилж байгаа юм. Хэт барууны Эрх чөлөөний намын дэмжлэгтэй жагсагчид хоёрдугаар сараас эхлэн Ковид-19-ийн нэмэлт тунд заавал хамрагдах ёстой гэсэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байна.
Хүмүүс вакцинд хамрагдах эсэхээ өөрөө шийдэх эрх чөлөөтэй байх ёстой гэж эсэргүүцэгчид үзэж байна. Засгийн газар хэнийг ч хүчээр вакцинд хамруулахгүй гэж мэдэгдсэн ч нэмэлт тунд хамрагдахаас татгалзсан хүмүүст 3600 евро буюу 4000 ам.доллар хүртэлх торгууль ногдуулжээ.
8.9 сая хүн амтай Австри улсад тахал эхэлснээс хойш 1.2 сая хүн халдвар авч, 13000 гаруй хүн нас баржээ. Тус улсын хүн амын 68 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан нь Баруун Европ дахь хамгийн бага үзүүлэлтүүдийн нэг болжээ.


















