Венесуэл улс нэг тонн орчим алт худалджээ
Венесуэлийн засаг захиргаа АНУ-ын хоригийг тойрч, өнгөрсөн долоо хоногт 40 сая ам.долларын өртөгтэй алт худалдсан тухай “Блүүмберг” агентлаг даваа гарагт мэдээлжээ.
Мэдээллийн алба

Венесуэлийн засаг захиргаа АНУ-ын хоригийг тойрч, өнгөрсөн долоо хоногт 40 сая ам.долларын өртөгтэй алт худалдсан тухай “Блүүмберг” агентлаг даваа гарагт мэдээлжээ.
Венесуэлийн Төвбанк энэ сарын 12-нд нэг тонн орчим алт худалдсан гэнэ. Алтыг аль улс худалдан авсан тухай мэдээлэл одоохондоо алга байна. Гэхдээ Арабын Нэгдсэн Эмират Улс, Турк худалдан авсан байх магадлалтай гэж “Блүүмберг”-т тэмдэглэжээ. Энэ асуудлаар Венесуэлийн Төвбанкны төлөөлөгчид мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Венесуэл улс өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш 24 тонн алт худалдаж, алтны нөөц нь 8.1 тэрбум ам.доллараар багассан гэж “Блүүмберг” агентлаг мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нд Венесуэл улсын алтны нөөцөө худалдах ажиллагааг зогсоох хориг тавьсан юм. АНУ Николас Мадурогийн Засгийн газраас улс орныхоо баялгийг хулгайлахыг нь зогсоох зорилгоор хориг тавьсан гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас тухайн үед мэдээлж байсан юм.


















