Венесуэл улсад коронавирусний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлжээ
Венесуэл улсад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлээд байна.
Мэдээллийн алба

Венесуэл улсад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлээд байна. Тус улс ОХУ-аас коронавирусний эсрэг 10 сая тун вакцин худалдан авах гэрээг байгуулжээ. Ирэх дөрөвдүгээр сараас энэхүү вакцинжуулалтын аяныг улс орон даяар өрнүүлэх төлөвтэй байна.
Венесуэл улс ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Спутник V" вакцины эхний 100 мянган тунг хүлээн авснаас хойш 5 өдрийн дараа вакцинжуулалтын аян эхэлж байна. Юун түрүүнд тус улс эрүүл мэндийн салбарын ажиллагсад болон бусад халдварт өртөмтгий бүлгийг вакцинжуулалтад хамруулах юм.
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес "ОХУ, Венесуэлийн стратегийн хамтын ажиллагаа бидэнд 91 хувийн үр дүнтэй нь батлагдсан дэлхий дээрх хамгийн сайн вакцинуудын нэгийг хүлээн авах боломжийг олголоо. Манай улсын хувьд түүхэн өдөр тохиож байна" гэжээ.
Тус улс нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Спутник V" вакцины олон улсын хэмжээнд явагдсан клиникийн туршилтад оролцож ирсэн юм. Венесуэл дэх "Спутник"-ийн туршилт 10 дугаар сард эхэлсэн. Тус улсад өчигдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 134 мянгад хүрч, 1200 гаруй хүн нас баржээ.


















