Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Вербист" төвийн хүүхдүүдэд цагаан сарын бэлэг гардууллаа

XVII жарны хөхөгчин Хонь жилийн Цагаан сарын баярыг угтан “Улаанбаатар Буян” компанийнхан уламжлал ёсоороо “Вербист” хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд ирэх ондоо өвчин зовлонгүй энх тунх байхыг билэгдэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
"Вербист" төвийн хүүхдүүдэд цагаан сарын бэлэг гардууллаа
"Вербист" төвийн хүүхдүүдэд цагаан сарын бэлэг гардууллаа. Зураг: МҮОНРТ

XVII жарны хөхөгчин Хонь жилийн Цагаан сарын баярыг угтан “Улаанбаатар Буян” компанийнхан уламжлал ёсоороо “Вербист” хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд ирэх ондоо өвчин зовлонгүй энх тунх байхыг билэгдэн хүүхдэд зориулсан заслын номууд уншиж, гарын бэлэг өгөх буяны үйл ажиллагааг зохион байгууллаа. Цагаан сар бол Монголчуудын уламжлалт баяр. Билгийн улирлын тооллоор шинэ хуучин он солигдох шинийн нэгний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хахир өвлийг давж, урин хавартай золгосны, мөн нэг нас нэмсний баяр хэмээн бэлгэддэг. Монголчууд бид цагаан сараараа олон хүмүүсийг баярлуулах тэр дундаа хүүхэд, хөгшдийг баярлуулах хүсэлтэй, сайхан сэтгэлт ард түмэн билээ.

Өнөөдрийн энэ арга хэмжээнд Нийслэлийн баруун зүгт буяны үйлчилгээ үзүүлж буй “Улаанбаатар Буян” компанийн хамт олон сэтгэл санаа, ажил үйлсээ нэгтгэн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулахаас гадна Буяны цогцолборын лам хуврагууд хүрэлцэн ирж “Хэрхэн бодол санаагаа зөвшитгөн амьдралд зөв хүн болж төлөвших” талаар сургаал зөвлөмжөө өгөхийн зэрэгцээ өвчин зовлонгүй, насан урт, ажил үйлс нь бүтэмжтэй байж, өлзий хутаг нь дэлгэрч байг хэмээн “Хүүхдийн Банзрагч”, “Дашчийрав сан”, “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эх” “Бумчин” номыг айлдлаа.

Энэхүү “Вербист” төвийн хүүхэд багачууд арга хэмжээг зохион байгуулан хүрэлцэн ирсэн ах эгч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн өөрсдийн сурч мэдсэнээ тайлагнан ярилцахын зэрэгцээ шинээр сурсан дуу шүлгийнхээ дээжээс бэлтгэсэн урлагийн тоглолт үзүүллээ.

“Улаанбаатар Буян” ХХК-ийн Үйлчилгээ хариуцсан захирал Д. Мөнхнасан:

-“Улаанбаатар Буян” ХХК-ийн хамт олон 2004 онд байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүрийн цагаан сарын баяраар байгууллагынхаа ахмад ажилчдаас гадна Сонгинохайрхан дүүргийн Баруунтурууны 32 дугаар хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Бид энэхүү хүүхэд асран хүмүүжүүлэх төвтэй 2009 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Аливаа зүйлд буяны сэтгэлээр хандах гэсэн манай хамт олон бага балчир насандаа амьдралын хатуу бэрхийг амсаж яваа эдгээр хүүхдэд сэтгэлийн дэм өгч тэдний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг зорьдог.

Хүүхдийн баяр, Шинэ жил, Цагаан сар гээд жилдээ хэд хэдэн удаа ирж хүүхдүүдээ гарын бэлэг өгч амьдрал ахуйтай нь танилцаж хүүхдүүд маань бидэнд сурсан дуу шүлэг, бүжгийн дээжээр тоглолт хийж үзүүлнэ дээ. Манай байгууллагынхан хүүхдүүдтэй болон хариуцсан багш нийгмийн ажилтнуудтай тогтмол харилцаа холбоотой байж хэрэгцээ шаардлагыг тодорхойлж мэдэж авдаг.

Баяр болгон маань бидний хувьд онцлогтой сурлага хүмүүжлээрээ тэргүүлсэн сурагчдыг жилд хоёр удаа буюу Хүүхдийн баяр, Шинэ жилээр шалгаруулан мөнгөн шагналаар шагнаж урамшуулах уралдаан зарлан тогтмолжуулсан нь хүүхдүүдийн сурлага хүмүүжлийг сайжруулахад чухал ажил болсон гэж багш сурагчид гээд бүгд ам сайтай байгаа . Цагаан сарын онцлог гэвэл хүүхдүүдийн маань бэлэг шампунь, гарын биеийн тос гээд ахуйн хэрэглээний зүйлсийг багтаасан байдгаараа ялгаатай.

Өнөөдөр ч мөн адил биднийг хүсэн хүлээсэн хүүхэд багачуудаа баярлуулаад тэднийхээ санал сэтгэгдэлийг сонсож халуун яриа өрнүүллээ. Хүүхдүүд том болж, өөрсдийн үзэл бодлоо нээлттэй чөлөөтэй илэрхийлж сурч байгаа нь бидний харилцаа дотно болж буйн илрэл гэж бодож байна.

“Улаанбаатар Буян” ХХК Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны OHSAS18001:2007 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж байгаа. Энэ утгаараа хүүхдүүдийн тав тухтай, тохилог орчинд, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор өмнөх жилүүдэд гал тогооны болон ариун цэврийн өрөөний зориулалтын угаагч, ариутгагч тоног төхөөрөмж, спортын болон эрүүл ахуйн тоног төхөөрөмжүүдийг бэлэглэсэн. Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хамгийн хэцүү зүйл нь насанд хүрсэн хүүхдүүд оюутан болсон ч очих газаргүйн улмаас энэ байрандаа дүү нартайгаа хамт амьдардаг. Тийм учраас цаашид хүүхдүүдийг тодорхой хэмжээнд ажлын байртай болгон амьдралд орох анхны алхмыг тавих тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа.

“Вербист” Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн нийгмийн ажилтан Ц.Түвшинтуул:

-Бидний үйл ажиллагаанд болон хүүхдүүдэд маань тусламж дэмжлэг үзүүлэн ажилладаг “Улаанбаатар Буян” ХХК-ийн хамт олонд талархаж байна. “Улаанбаатар Буян” компанийн хамт олон манай хүүхдүүдийн амьдрах орчинд анхаарал хандуулж, байнгын тогтмол харилцааг эрхэмлэдгээрээ онцлогтой.

Тухайн байгууллагуудын нэрэмжит “ Шилдэг хүүхэд” уралдаан нь манай хүүхдүүдийн сурлага хүмүүжилд ихээхэн ач холбогдол үзүүлдэг. Энэ уралдааныг явуулж эхэлснээс хойш хүүхдүүдийн маань сурлагын амжилт тэр тусмаа дүү нараа асран хүмүүжүүлэх тэднийхээ хичээл сурлага, ариун цэвэрт тавих анхаарал эрс сайжирсан. Манай төвд одоогоор нийт 46 хүүхэд хүмүүжиж байна. Ахлах ангийн хүүхдүүд нь дүү нараа хайрлан халамжилж хоорондоо маш эвтэй яг л төрсөн ах дүү шиг өсч хүмүүждэг. Цагаан сараар ах эгч нарынхаа өгдөг бэлгэнд маш их дуртай. Учир нь хүүхдүүд маань бүгд нийтийн хэрэглээний эд зүйлс хэрэглэдэг учир яг өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэх шампунь гар, биеийн тос гээд гоо сайхны бүтээгдэхүүнтэй болдог учраас маш их баярладаг. Ер нь баяр болгоноор ирэхдээ бэлэг болгон онцлогтой учир хүүхдүүд өдөр тоолон л хүлээж байдаг юм. Шинэ жил, Хүүхдийн баяраар Шилдэг хүүхэд уралдаанынхаа дүнг сонсож шагналаа авна. Энэ уралдааны тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдийг мөнгөн шагналаар шагнадаг болохоор өөрсдийнхөө хүссэн зүйлийг авдаг юм.

Одоо манай төвд сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдээс гадна оюутан болсон есөн хүүхэд хүмүүжиж байгаа. Ер нь хүүхдүүд маань гэр бүлтэй болж тусдаа амьдралтай болсон ч дүү нар, багш нартайгаа байнга холбоотой байдаг.

Хуваалцах