VIII сургуулийн “Б” корпусын засварын ажил 40 хувьтай байна
Хэрлэн сумын VI сургууль нь суралцагчийн тоо цөөрч, анги дүүргэлт хангалтгүйгээс үүдэн санхүүгийн алдагдалд орсон тул Хэрлэн сумын VIII сургуультай нэгтгэсэн.
Мэдээллийн алба

Хэрлэн сумын VI сургууль нь суралцагчийн тоо цөөрч, анги дүүргэлт хангалтгүйгээс үүдэн санхүүгийн алдагдалд орсон тул Хэрлэн сумын VIII сургуультай нэгтгэсэн. VI сургуулийн барилгыг VIII сургуулийн “Б” корпус буюу бага сургууль болгон ашиглуулахаар шийдвэрлэж, хичээлийн байрны стандартад тавигдах шаардлагад нийцүүлэн засварлаж байна.
Өнгөрөгч мягмар гарагт аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар тус хичээлийн байрны засварын ажилтай танилцлаа. Засварыг Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр тендерт шалгарсан “Баян луу” ХХК 55.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж байна.

Одоогоор засварын ажил 40 хувьтай, хичээлийн 2 дугаар улирал буюу 11 дүгээр сарын 10-ны өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн захирал Л.Баттулга хэлэв.
Тус бага сургуульд 27 анги буюу 700 гаруй сурагч 14 хичээлийн танхимд хоёр ээлжээр хичээллэнэ. Уг барилгын анхны зориулалт нь өөр мөн өмнөх сургуулийн менежментийн алдаанаас шалтгаалан анги, танхимууд стандарт, норм хангахгүй байсан тул зарим ангиудыг нэгтгэн томсгосноор ихэнх анги дэргэдээ давтлагын өрөөтэй болж байна. Спорт заалыг барилгатай хэт ойр, зэрэгцүүлэн барьснаар зарим ангиуд байгалийн гэрэлтүүлэггүй болсон. Тавигдах стандартын дагуу энэ асуудлыг шийдвэрлэж, цонхнуудыг байгалийн гэрэлтүүлэг орох талд нь шилжүүлэн засварлаж байна. Мөн дулаан, дээврийн засварыг хийхээс гадна 00, үдийн цайны өрөөг шинэчлэн тохижуулснаар бага ангийн сурагчид тав тухтай орчинд хичээллэх боломж бүрдэж байгаа талаар тус сургуулийн Сургалтын меженер Г.Анхжаргал танилцуулав гэж Дорнод аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.


















