Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Вирусын өндөр нарийвчлалтай гурван хэмжээст загварыг бүтээжээ

Өмнөд Америк, Карибын тэнгисийн орнуудыг донсолгож байгаа зика вирус, мөн Африк тивд дэгдээд байсан эбола вирусын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонтаа мэдээлж байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вирусын өндөр нарийвчлалтай гурван хэмжээст загварыг бүтээжээ
Вирусын өндөр нарийвчлалтай гурван хэмжээст загварыг бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Америк, Карибын тэнгисийн орнуудыг донсолгож байгаа зика вирус, мөн Африк тивд дэгдээд байсан эбола вирусын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонтаа мэдээлж байсан. Харин энэ вирус хэрхэн харагддаг бол гэж гайхаж байгаа сониуч хүмүүст зориулан ОХУ-ын “Visual Science” компани дээрх вирусуудын 3 хэмжээст томруулсан загварыг бүтээсэн байна.

Томруулдаг шилний цаанаас л олж харах боломжтой жижиг амьд биетүүдийн ертөнцийг жирийн нүдээр олж харах, судлах боломжийг олгохын тулд “Visual Science” компани өөрийн “Visual Park” нэртэй төсөл санаачилжээ. Энэ төслийн хүрээнд вирусуудын томруулсан загваруудыг хийхдээ тухайн вирусын бүтцийг нэгд нэгэнгүй өндөр нарийвчлалтайгаар харуулахын тулд дизайнерууд олон орны эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авсан байна. 50 нанометр хэмжээтэй байдаг зика вирусын томруулсан загварыг бодит харьцаатай нь уялдуулан ХДХВ, томуугийн вирусын 3 хэмжээст загвараас ойролцоогоор 2.5 дахин жижиг хэмжээтэйгээр бүтээснийг харж болох юм.

Үүнээс гадна “Visual Science” компанийнхан 7 өөр вирусын томруулсан загварыг компьютерт загварчилж 3 хэмжээст байдлаар хэвлэжээ. Эдгээр вирусын нэг нь Москвагийн Дарвины музейн үзмэр болсон гэдгийг зохион бүтээгчид нь онцолж байна. Мөн 2010 онд ““Science” сэтгүүл болон АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сан “Visual Science” компанийн бүтээсэн ХДХВ-ын 3 хэмжээст загварыг эрдэм шинжилгээний хамгийн өндөр нарийвчлал бүхий загварчлалаар тодруулжээ. Цаашид “Visual Science” компани эдгээр бүтээлээрээ галерей байгуулж, хүний эрүүл мэндэд заналхийлж байдаг олон төрлийн вирусыг томруулсан байдлаар үзэж сонирхох боломжийг олон түмэнд нээхээр зорин ажиллаж буй юм байна.

Хуваалцах