Я.Содбаатар: Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай
УИХ дахь МАН-ын бүлгийн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг судлах ажлын хэсэг төсөл хөтөлбөрт тусгасан асуудлаар яамдын удирдлагуудтай уулзаж байна.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлгийн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг судлах ажлын хэсэг төсөл хөтөлбөрт тусгасан асуудлаар яамдын удирдлагуудтай уулзаж байна. Энэ удаа бүлгийн ажлын хэсэг ХХААХҮЯ-ны удирдлагуудтай уулзаж, хөтөлбөрт тусгасан хөдөө аж ахуйн чиглэлийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Б.Батзориг, Х.Нямбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле болон газрын дарга нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийх боломжийг бүрдүүлэхийн тулд Эмээлт дэх Үйлдвэр технологийн паркийг ашиглалтад оруулах санал гаргав. Мөн ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд ноос,ноолуур угаах үйлдвэр 100 хувь хүчин чадлаараа ажиллах боломжтой байхад ээрэх үйлдвэрлэл дөнгөж 30 хувьтай ажиллаж байгааг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй гэх саналыг хэллээ. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар Малын генетикийн нөөцийн тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Бэлчээр, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулиудыг хөтөлбөрийн нэн тэргүүнд боловсруулж батлуулах шаардлагатайг онцолсон юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Батзориг Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортлох эрх зүйн орчныг боловсронгуй болгож, улаан буудай, төмс хүнсний ногоо, мал, малын арьс, шир, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэн экспортод гаргах санал хэллээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Тариалангийн нийт 830 мян.га талбайгаас улаан буудай, хүнсний хэрэгцээгээ 496.6 мян.га талбайгаас нь хангаад цаана үлдсэн 388.9 мян.га талбайг эрчимжсэн мал аж ахуйг хангах гол суурь нь болгох хэрэгтэй. Бэлчээрийн ургамлаар эрчимжсэн мал аж ахуй хөгжихгүй, харин энэ га талбайдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тэжээлийн ургамал, бусад сортын будаа, үр тарих хэрэгтэй. Мах, сүүний чиглэлийн үнээ, гахай, тахианы тоон судалгааг нарийвчлан хийх хэрэгтэйг сануулав. Ингээд хэлэлцүүлгийн үр дүнд бүх төрлийн түүхий эдийн үнийг өсгөхийн тулд малыг эрүүлжүүлэх бодлогоор дэмжих, махны үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих, хөдөө аж ахуйн салбарт төрийн оролцоо, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой, үр дүнтэй болгох саналд нэгдлээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгосон 745 тэрбум төгрөгийн зарцуулалт, үр дүн, тоон үзүүлэлт, жагсаалтыг гаргах, цаашид энэхүү сангаас хөрөнгө оруулалтыг зөв зохицуулах, үр дүнгээ тооцож үр өгөөжөө өгөх салбар, чиглэлд хөрөнгө оруулалтыг хийх, тооцоо судалгаа хийж, эргээд хэмжих хэмжүүрийг судлаж тодорхойлох саналыг олонх нь дэмжсэн юм.


















