"Ялалтад тэмүүлсэн морьд" хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнжид байрлуулна
Москва хотын Думын дэргэдэх Хөшөө, дурсгалын байгууламжийн хараат бус, олон нийтийн комисс хуралдаж, Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмнээс бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах болжэ
Мэдээллийн алба

Москва хотын Думын дэргэдэх Хөшөө, дурсгалын байгууламжийн хараат бус, олон нийтийн комисс хуралдаж, Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмнээс бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах болжээ.
Монголын ард түмний бэлэг болсон хөшөөг 2015 оны 5 дугаар сард Москва хотноо тээвэрлэн авчирч гардуулсан цагаас хойш Москва дахь Элчин сайдын яамны зүгээс уг асуудалд онцгой анхаарч, хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар Москва хотын захиргаа, түүний Соёлын газар, Соёлын өвийн газар, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, ОХУ-ын Гадаад хэргийн яам, Хүндэтгэлийн дэнж цогцолборын удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүстэй удаа дараа уулзан хэлэлцээ хийж, ажилласан байна.
Хөшөөг байрлуулах чиглэлээр ажиллах явцад хөшөөний суурийг бүтээх, ойр орчны тохижуулалтын 200 орчим мянган ам.долларын санхүүжилтийн асуудал хөндөгдөж, түүнийг шийдвэрлүүлэх зорилгоор Элчин сайд Б.Дэлгэрмаа эрчимтэй ажиллаж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг ОХУ-ын Аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевтэй 2016 оны 6 дугаар сард Грозный хотноо уулзах үеэр асуудлыг дэлгэрэнгүй танилцуулж, дэмжлэг хүсчээ.
Энэ хүчин чармайлтын үр дүнд хөшөөг Оросын ард түмний хувьд ариун газар болох Хүндэтгэлийн дэнж дэх цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар шийдвэрлүүлээд байна. Мөн Москва хотын захиргаа хөшөөг байрлуулахтай холбогдсон бүхий л зардлыг бүрэн хариуцах үүрэг хүлээжээ.
Хөшөөг байрлуулах асуудлыг хариуцсан ЭСЯ-ны ажлын хэсгийг хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Ганболд ахалж байгаа бөгөөд хөшөөний шав тавих ёслолыг Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 3-нд зохион байгуулах, хөшөөг 2017 оны 5 дугаар сарын 9-нд буюу Ялалтын баяраар эцэслэн байрлуулах төлөвлөгөөтэй Москва хотын захиргаатай хамтран ажиллаж байна.


















