Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ялалтын парадад монгол цэргүүд алхана

Энэ онд Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү баярын арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагчид оролцож цэргийн сүрт жагсаалыг гайхуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ялалтын парадад монгол цэргүүд алхана
Ялалтын парадад монгол цэргүүд алхана. Зураг: МҮОНРТ

Энэ онд Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү баярын арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагчид оролцож цэргийн сүрт жагсаалыг гайхуулах юм.

ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болох ялалтын парадад 20 гаруй орны 14 мянган цэргийн алба хаагчид жагсах аж. Тухайлбал, Монгол, АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНАСУ, Армен, Украйн, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 гаруй орны цэргүүд ялалтын парад алхана. Эх орны дайны ялалтын 65 жилийн ой буюу таван жилийн өмнөөс гадаадын орнуудын цэргүүд ялалтын парад алхаж эхэлсэн байна. Энэ жилийн хувьд олон орны цэргүүд оролцож байгаагаараа онцлог аж.

Эх орноо төлөөлөн ялалтын 70 жилийн ойн жагсаал оролцох 80 гаруй цэргийн алба хаагчдын бэлтгэлийн явцтай өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар танилцлаа. Ёслолын жагсаалд оролцох Монголын зэвсэгт хүчний бэлтгэл ажлыг хангах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ажиллаж байна. Парад алхах албан хаагчдыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газрын анги нэгтгэлүүдээс сонгон шалгаруулж авсан бөгөөд бэлтгэл ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн байна. Цэргүүдийг сонгон шалгаруулж авахдаа 180-185 см өндөртэй, биеийн хөгжил сайтай, зөв төрхтэй, нүүрэн тус газраа элдэв сорвигүй, цэргийн жагсаалын дүрмийг мэддэг, албандаа амжилт гаргаж, мэргэжлийн шалгуур хангасан байхыг шаарджээ. Энэ шалгуурт нийтдээ 166 цэргийн албан хаагч тэнцсэнээс явц дундын шалгуураар 80 гаруй нь тэнцэж үлдсэн байна. Ингэхдээ хугацаат цэргийн найм, хилийн цэргийн 14, зэвсэгт хүчний 55 алба хаагч шалгаран үлдсэн нь энэ ажээ.

Энэ талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Монгол цэрэг ялалтын парадад алхах болсон нь маш том аз завшаан. Энэхүү том арга хэмжээнд оролцохоор сонгогдсон та бүхэнд баяр хүргэе. Хамгийн гол маш хариуцлагатай байж, бэлтгэл сургуулилтаа сайтар базаахыг хүсч байна. Монгол цэргийн сүр хүчийг дэлхий дахинаа гайхуулах ёстой. Дэлхийн орнуудын бусад цэргүүд Монголын цэргийн түүхээ ярьж, эх орноо сурталчлах учиртай" гэсэн юм.

Хуваалцах