Япон халим агнуураа үргэлжлүүлнэ
Өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо байгаль хамгаалагч идэвхтнүүд жагсаал зохион байгуулж, Японы халим агнах ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Мэдээллийн алба

Өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо байгаль хамгаалагч идэвхтнүүд жагсаал зохион байгуулж, Японы халим агнах ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэд Японы Элчин сайдны яамны өмнө цуглаж, тус улс эрдэм шинжилгээний зорилгоор бус хоол хүнсэндээ ашиглах гэж ховордсон цэнхэр халим агнаж байгааг дүрслэн үзүүлж, энэ үйлдлийг нь жигшин буруутгаж байгаагаа харуулсан байна.
Үүний хариуд Японы төлөөлөгч “Манай улс халим агнуурын асуудлаар бусад орноос эрс зөрүүтэй байр суурь баримталж байж болох юм. Гэхдээ энэ тохиолдолд олон улс Японы байр суурийг хүндэтгэн, халим агнах хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь саад болох ёсгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн онд Олон улсын шүүх Япон улсыг шинжлэх ухааны бус зориулалтаар халим агнаж байна гэж дүгнэн, тус улсын Антрактидад халим агнах эрхийг хассан.
Гэтэл тус улс энэ шийдвэрийг үл харгалзан, халим агнах шинэ хувь хэмжээ, хугацааг тусгасан төлөвлөгөөг Олон улсын халим агнуурын комисст хүргүүлж, улмаар энэ сараас халим агнуурын үйл ажиллагаагаа сэргээснийг олон улс орон зэмлэн буруушааж байгаа юм.


















