Япон руу олон удаагийн виз олгохоор боллоо
Өнгөрөгч тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдож Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд "Богино хугацааны олон удаагийн виз" олгох болсон тухай мэдэгдсэн билээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдож Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд "Богино хугацааны олон удаагийн виз" олгох болсон тухай мэдэгдсэн билээ. Үүний дагуу Япон улсын Засгийн газар "Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх" бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Засгийн газраас тавьж байсан удаа дараагийн хүсэлтийг харгалзан, Япон улсын Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэн зөвшилцсөний дүнд наймдугаар сарын 10-ны өдрөөс Монгол Улс дахь Японы Элчин Сайдын Яаманд "Богино хугацааны олон удаагийн виз" олгож эхлэхээр болжээ.
Энэхүү олон удаагийн виз олгохдоо тодорхой нөхцөл шаардлага тавих ба виз мэдүүлэгч нь тус ЭСЯ-ны цахим хуудас (http://www.mn.emb-japan.go.jp/index.htm) - тай танилцаж, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн виз мэдүүлэх хэрэгтэй юм байна.
Түүнчлэн манай улсын иргэдэд гурван жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз олгох бөгөөд нэг удаа 15 хүртэлх хоногоор явах боломжтой аж. "Богино хугацааны олон удаагийн виз"-ийн талаархи мэдээллийг наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тус ЭСЯ-ны цахим хуудаст байршуулах юм байна.


















