Япон улс энэ сарын 30-нд төрийн ёслол зохион байгуулна
Японы Засгийн газар тус улсын Үндсэн хуулинд заасны дагуу энэ сарын 30-ны өдөр төрийн ёслолын ажиллагаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Мэдээллийн алба

Японы Засгийн газар тус улсын Үндсэн хуулинд заасны дагуу энэ сарын 30-ны өдөр төрийн ёслолын ажиллагаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, эзэн хаан Акихито хаан ширээнээсээ бууж байгааг тохиолдуулан ийм арга хэмжээ зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэжээ.
Японы Засгийн газрын хуралдаанаас шийдсэний дагуу дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагт Токио дахь Эзэн хааны ордны Мацу Но Ма танхимд хаан сэнтийгээс буух ёслолыг зохион байгуулах юм байна. Энэ төрийн ёслолыг 10 орчим минут үргэлжлэхээр тооцжээ.
Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эзэн хаан Акихито 2017 оны зургаадугаар сард батлагдсан тусгай хуулийн дагуу хаан сэнтийгээсээ бууж байгааг зарлах юм байна. Энэ үеэрээ Японы Ерөнхий сайд олон нийтийн нэрийн өмнөөс эзэн хаанд талархаж буйгаа илэрхийлэх аж.
Мөн хаан ширээнээсээ бууж байгаа Акихито ард түмэндээ хандаж үг хэлэх юм байна. Харин угсаа залгамжлагч ханхүү Нарухито маргааш өдөр нь буюу тавдугаар сарын 1-ний өдөр Японы эзэн хааны суудалдаа заларч, тус улсад "Рейва" хэмээх шинэ он тоолол эхлэх юм.


















