Японд дахин хүчтэй газар хөдөлж магадгүйг сэрэмжлүүлж байна
Японы цаг уурын агентлаг хүчтэй газар хөдлөлтийн дараа зүүн хойд болон зүүн бүсийн мужуудад тогтоосон цунамийн аюулаас сэргийлэх зөвлөмжийг бүгдийг нь цуцалсан байна.
Мэдээллийн алба

Японы цаг уурын агентлаг хүчтэй газар хөдлөлтийн дараа зүүн хойд болон зүүн бүсийн мужуудад тогтоосон цунамийн аюулаас сэргийлэх зөвлөмжийг бүгдийг нь цуцалсан байна. Гэхдээ энэ 7 хоногт дахин хүчтэй газар хөдлөлт болж магадгүй, хэрэв газар хөдөлбөл цунами үүсэх аюултайг Японы цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байгаа юм.
Өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 6 цагт Японы Фукушима мужийн далайн эрэг орчимд 7.4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү хүчтэй газар хөдлөлтийн дараа Японы цаг уурын агентлаг Фукушима болон Мияаги мужийн эргийн бүсэд цунами үүсэж болзошгүйг анхааруулж, Номхон далайн эргийн дагуух бусад мужуудад зөвлөмж гаргасан юм. Тухайн үед далайн эргийн мужуудын зарим иргэдийг өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Цунамийн давлагаа далайн эргийн бүсэд хүрснээс Сендай боомтод 1.4 метрийн өндөр давлагаа ажиглагджээ.
Гэхдээ өчигдөр үдээс хойш 13 цаг орчимд цунами үүсэх аюул багассаныг цаг уурын агентлаг нь мэдээлсэн юм. Өчигдрийн газар хөдлөлтийн үеэр мэдээлэл сайтай, иргэд нь бэлтгэлтэй байсан учир хохирол бага гарсан, гэхдээ 15 хүн бага зэргийн гэмтэл бэртэл авчээ. Токиогийн цахилгаан эрчим хүчний компани газар хөдлөлтийн дараа түр зуур зогссон Фукушима Дайчи атомын цахилгаан станцын хөргөлтийн системийг сэргээн зассан тухайгаа мэдээлж байна. Өчигдөр үүссэн цунамийн давлагаа Фукушима Дайчи станцын ойролцоо хүрсэн ч станцын ойр орчимд ямар нэг асуудал үүсээгүй гэж тус компанийн зүгээс мэдэгджээ.


















