Японы парламент эзэн хааны угсаа залгамжлалын тухай хуулийг шинэчлэв
Японы парламент эзэн хааны угсаа залгамжлалын тухай хуулийг шинэчилж баталсан ч хаан ширээг зөвхөн эцгийн удмын эрэгтэй хүн залгамжлах зарчмыг хэвээр үлдээлээ. Харин эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрч буй асуудлыг шийдэх зорилгоор тодорхой зохицуулалтуудыг шинээр тусгажээ.
Мэдээллийн алба

Шинэ хуулиар эзэн хааны удмын алс холын эрэгтэй төрөл садныг үрчлэн авч хааны гэр бүлд буцаан нэгтгэх боломжийг нээжээ. Мөн хааны угсааны гүнж нар энгийн иргэнтэй гэрлэсэн тохиолдолд хааны гэр бүлийн гишүүний статусаа хадгалах эрхтэй болсон байна.
Гэвч эзэн хаан Нарүхитогийн ганц охин гүнж Айко эмэгтэй хүн учраас хаан ширээг залгамжлах эрхгүй хэвээр үлдэв. Одоогийн журмаар угсаа залгамжлал эзэн хааны дүү угсаа залгамжлах ханхүү Акишино, түүний хүү ханхүү Хисахито нарт шилжихээр байгаа юм.
Мэргэжилтнүүд Японы эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрч, эрэгтэй залгамжлагч цөөн болсон нөхцөлд зөвхөн эрэгтэй удамд тулгуурласан тогтолцоог хадгалсан нь ирээдүйд угсаа залгамжлалын асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж үзэж байна. Нөгөө талаар олон нийтийн дунд гүнж Айког хаан ширээ залгамжлахыг дэмжих хандлага өндөр хэвээр байгаа ч шинэ хуульд энэ талаар өөрчлөлт оруулсангүй.