Японы сэтгүүлч Мосулыг чөлөөлөх ажиллагааг сурвалжлах үеэрээ Курдуудад баригджээ
Ирак дахь Японы Элчин сайдын яамны албаныхны хэлж байгаагаар Японы сэтгүүлч Косукэ Цунэока нь Курдуудад баригдсан нь баттай болж байна.
Мэдээллийн алба

Иракт өрнөж байгаа энэ ажиллагааг сурвалжлахаар явсан Японы чөлөөт сэтгүүлч баригдсан тухай "Эн Эйч Кэй" мэдээлж байна. Ирак дахь Японы Элчин сайдын яамны албаныхны хэлж байгаагаар Японы сэтгүүлч Косукэ Цунэока нь Курдуудад баригдсан нь баттай болж байна.
Япон сэтгүүлч өнгөрсөн сард Иракийн арми болон Курдын дайчид Мосулыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн тэр цаг үеэс эхлэн галын фронтоос сурвалжлага хийж явжээ. Тэрбээр яг хэзээ, хаана байхдаа баригдсан нь тодорхойгүй байна.
Түүний твиттер хуудасны хамгийн сүүлийн хандалтаас таамаглахад 10 дугаар сарын 26-наас хойш сураггүй болжээ. Японы Элчин сайдын яамныхан Курдын удирдагчдыг яагаад Японы сэтгүүлчийг барих болсноо тайлбарлаж, түүнтэй зүй ёсоор харьцахыг хүссэн байна.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Японы Гадаад хэргийн яамнаас хилийн чинад дахь ард иргэддээ хандаж, Иракт зорчихгүй байх, хэрвээ тэнд байгаа бол Мосул болон ойролцоох хотуудаас нэн яаралтай гарч явахыг анхааруулсан сэрэмжлүүлэг хүргүүлээд байна.


















