З.Баянсэлэнгэ: Иргэд зөвхөн 10 хувиа гаргаад, үлдэгдэл 90 хувийг зээлээр авна гэдэг маш том эрсдэл
Өнгөрөгч долоодугаар сард Засгийн газраас иргэдийн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэрийг гаргасан.
Мэдээллийн алба

Өнгөрөгч долоодугаар сард Засгийн газраас иргэдийн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, урьдчилгаа төлбөрийн үлдсэн 20 хувийг хөгжлийн банкаар дамжуулан батлан даах журам батласан. Гэсэн хэдий ч энэ журам одоог хүртэл хэрэгжихгүй байгаа.
Тиймээс энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс тодруулахад дараах тайлбарыг өглөө. Тодруулбал тэрбээр, “Орон сууцны зээлийн 10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэх ажлаас шалтгаалан зарим барилгын ажил, орон сууцны борлуулалт хүлээлттэй байна гэх асуудал яригдаж байна. Үүнийг үгүйсгэх аргагүй юм. Яамны зүгээс энэ шийдвэрийг аль болох хурдан хэрэгжүүлэх тал дээр анхаарч байна. Гэхдээ Монголбанк, Хөгжлийн банкнаас бусад банкуудтай зөвшилцөх, хөрөнгө санхүүжилтийг шийдэх гэсэн асуудлууд байгаа учраас хүлээгдэж байгаа. Талууд байр сууриа илэрхийлээд, саналын хувилбаруудаа гаргасан ч эцсийн байдлаар эдгээрийг нэгтгэсэн шийдвэр хараахан гараагүй. Өнөөдрийг хүртэл 10 хувьтай холбоотой албан мэдээлэл өгөхгүй байсан нь үүнтэй холбоотой.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг заавал мөнгөн бус, өөр хэлбэрээр байршуулах саналыг засгийн газраас тавьсан ч, банкууд үүнийг мөнгөн хэлбэрээр байршуулах шаардлага тавьж байна. Үүнээс гадна эрсдлийн асуудал бий. Иргэн зөвхөн 10 хувиа гаргаад, үлдэгдэл 90 хувийг зээлээр авна гэдэг нь өөрөө маш том эрсдэл. Зээлийн хувь өндөр, хугацаа урт байна гэдэг тухайн иргэний хувьд ч, төр засгийн хувьд ч томоохон эрсдлийг авчирна. Энэ бүхнийг нарийн тооцоолох, яавал иргэдийн нуруунд хүнд ачаа болголгүйгээр асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг дээр яригдах асуудал их бий” гэсэн юм.


















