З.Баянсэлэнгэ: Хуульч гишүүд гэх юм, би ч бас муухан хуульч
Энэ үеэр УИХ-ын гишүүд яг одоо ял эдэлж байгаа 8000 хүн, цаашлаад уг хуулийн хүрээнд амьдрах гурван сая иргэнд хамаарах Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо мягмар гарагийн хуралдаан нэлээд ширүүхэн болж өнгөрлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүд яг одоо ял эдэлж байгаа 8000 хүн, цаашлаад уг хуулийн хүрээнд амьдрах гурван сая иргэнд хамаарах Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар хуулийн төслийг хойшлуулах горимын санал гаргасан ч бусад гишүүний ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарлаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн зохицуулалтыг мэдэрч, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж буй 250 хуульч, өмгөөлөгч, судлаач хоёр жил гаруй хугацаанд боловсруулсан. Салбарын хэмжээнд болон олон нийтийн дунд зургаан удаагийн хэлэлцүүлэг хийсэн учраас амьдралд ойрхон зохицуулалттай болсон гэдгийг хэлж байсан юм. Мөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Эрүүгийн хуулийн төсөл нь яг одоо ял эдэлж буй 8000 гаруй хүний амьдралтай холбоотой гэлээ. Энэ үеэр “Хуульч гишүүд гэх юм, би ч бас муухан хуульч. Тэгээд эцсийн шатанд хуулийг гацааж байгааг гайхаж байна. Энэ хууль төгс төгөлдөр болоогүй байж магадгүй. Засч сайжруулах зүйл бий. Хуулийн төсөлд тусгасан хуулийн этгээдийг торгох ял оногдуулах хэмжээг тодорхой хэмжээнд бууруулсан гэж бодож байгаа. Энэ хууль 2002 оны хуулиас зарчмын хувьд маш том ялгаатай. Яллагдагчийн эрхзүйн байдлыг дордуулдаг зүйл байхгүй болсон. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, санамсар болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн, нийгэмд учруулсан хор хохирлоо арилгасан залуучуудад боломж олгох хууль. Энэ хуулийг батлаад явуулах ёстой. Засч залруулах зүйл байвал явцын дунд засаад явах боломжтой. Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн үед хуульч нэрийн дор гацаах гэж байгааг гайхаж байна. Энэ бол цэвэр улс төр” хэмээн шүүмжиллээ.
Гишүүдийнхээ ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарсан О.Баасанхүү, Ж.Батзандан нар хуралдаанаа орхиж гарсан юм. Байнгын хорооны дарга Д.Ганбат ширүүн маргааныг уран аргаар шийдэж, Дэгийн тухай хуулийг танилцуулсан. Уг заалтад “Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 4.10-т заасны дагуу эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсвэл бүртгэлээс гарсан, картаа сугалсан бол түүнийг хуралдааны ирцэд тооцон, тухайн асуудлаар эсрэг санал өгсөнд тооцно” хэмээн заажээ. Дэгийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн Хууль зүйн байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаараа Эрүүгийн хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү З.Баянсэлэнгэ гишүүний хэлсэнчлэн өнөөдрийн байдлаар ял эдэлж буй 8000 гаруй хүний хувь заяатай холбоотой, Х.Тэмүүжин гишүүний хэлснээр Монгол Улсын гурван сая иргэнд хамаатай эрүүгийн орчны эрх зүйн шинэ зохицуулалтыг УИХ энэ чуулганд багтаан баталж магадгүй бололтой.


















