З.Энхболд БНХАУ-д ажлын айлчлал хийнэ
УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар 2014 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар 2014 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпинд бараалхана.
Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.
Түүнчлэн Хятадын Төв телевиз “ССТV-9” болон “Феоникс”телевизэд ярилцлага өгнө. Мөн Хятадын СNPC корпорацид зочилж, “Синопек” корпорацийн удирдлагатай уулзах ажээ.
УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Батцэрэг, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, УИХ-ын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн юм. Түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 2014 оныг “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан билээ.


















