З.Энхболд: Маш ойлгомжтой хэмнэлт хийж байгаа учир төрийн байгууллагууд эсэргүүцэх хэрэггүй
УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр яам, агентлагийн хүрээнд төсвийн зардлын 10 хувийг хасах
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр яам, агентлагийн хүрээнд төсвийн зардлын 10 хувийг хасах, улс төр болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг 30 хувиар хасах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
-Нийт улсын төсөв хамгийн багадаа 5 дахин, хамгийн ихдээ 10 дахин тэлсэн байна. Сүүлийн 10 жил. Би процентоор яриагүй, “дахин” гэж ярьж байна. Энэ их тэлэлт бол түүхий эдийн үнэ өндөр байсан үетэй шууд холбогдож байгаа юм. Шууд пропоциональ байдлаар. Орлого нэмэгдлээ, зарлага түрүүлж нэмэгдээд байсан. Одоо нөгөө орлого алга болсон, тиймээс 10-хан хувийн хасалт хийхэд эсэргүүцэж болохгүй шүү дээ. Би 10 дахин хасалт хийе гээгүй, ердөө 10-хан хувь. Үүнийгээ төрийн захиргааны төв байгууллагууд, яамд, агентлагуудын хүрээнд л хийж байна. Сүүлийн 20 жил сургууль, эмнэлэг угаасаа механик өсөлттэй байгаа. Хүн амын тоо нэг саяар нэмэгдлээ. Иймд сургууль, цэцэрлэг, эмнэлэг нэмэгдэхээс өөр аргагүй. Би энд дарга нарын тухай яриад байгаа юм. Төсвийг бүрэн дэмжиж байгаа, нэг их хөдөлгөөн гаргалгүй хэлэлцэж, баталмаар байна. Параметрээ барьчих юм бол дотроо хөдөлгөөн хийж болно, гишүүд. Жишээ нь, Ц.Нямдорж гишүүн шиг кобоноо дуусгая, нөгөө хөрөнгө оруулалтаа больё ч гэдэг юм уу. Ийм ажил хэрэгч саналууд ярьмаар байгаа юм. Түүнээс биш С.Бямбацогт гишүүн шиг “Цалин нэмье” гэдэг популист саналыг хэдүүлээ больё. Сая бүх байгууллагуудаас хэрэг болгож асуудгийн учир нь зөвхөн та нар биш , Улсын Их Хурлын төсөв хүртэл 6-7 дахин нэмэгдсэн. Улсын Их Хурал 6-7 дахин нэмэгдсэн энэ төсвөөсөө 10 хувийг энэ жил ямар ч асуудалгүйгээр хасаж байгаа. Цалингаа 30 хувь хасуулж байна, УИХ-ын Тамгын газрын бус, гишүүдийн зөвлөх туслахууд орон тооны цомхотголд зарим хэсэг нь орж байна. Гэх мэтээр бид үлгэр жишээ үзүүлж байгаа юм.
Ер нь энэ түүхий эдийн үнэ өндөр байх үеийн, орлогоосоо нэгэнт хүрэхээ больсон нь тодорхой учраас зарлагаа бууруулья. Хамгийн багадаа 5, хамгийн ихдээ 10 дахин өсөлттэй байгаа. Тэгэхээр бид төрийн захиргааны төв байгууллага буюу яамд, агентлагуудын хүрээндээ 10-хан хувийн хасалт хийе гэж байгаа юм. Урсгал зардлыг нь 10 хувиар хасна. Төрийн үйлчилгээ буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг бол тэртээ тэргүй хүн амын өсөлттэй холбоотой учраас өсөхөөс өөр аргагүй юм. Тэгэхээр төрийн үйлчилгээний байгууллагуудын төсөв рүү нэг их оруулалгүйгээр, яам, агентлагийнхаа хүрээнд төв аппаратын зардлын 10-хан хувийг хасаж, улс төр болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд цалингийн 30 хувийнхаа хэмнэлтийг маргаан хийхгүйгээр хүлээн авчих. Янз бүрийн тайлбар хийгээд байвал ажил явахгүй.
Сүүлийн үед төв гэж нэг юм байгуулаад, гүйж байгаад л төсвөөс хэдэн төгрөг авчихдаг. Одоо энэ практикаа болих хэрэгтэй. Маш ойлгомжтой хасалт хийж байгаа. Тэрийг төрийн байгууллагууд эсэргүүцэх хэрэггүй. 10 дахин бууруул гээгүй, 5 дахин бууруул гээгүй, 2 дахин бууруул гээгүй. 10-хан хувийн хасалтыг тэвчиж сур. Тэрэндээ зохицож амьдар. Одоо болихгүй бол улсын төсөв 1 их наяд төгрөг, хувийн хэвшилд очих ёстой мөнгийг зээлээд 3 жил, 4 жил болж байна шүү дээ. Сүүлийн 5 ч жил зээлэв үү. Төсвөө алдагдалтай баталдаг, 1 их наядаар. Тэр мөнгөө зээлдэг. Уг нь тэр мөнгө чинь хувийн хэвшилд зээл болж очоод ажлын байр үүсгэж байх ёстой мөнгө шүү дээ. Бодлогын ийм сонголтыг Засгийн газар хийсэн учраас би дэмжиж байгаа. Одоогийнхоо параметр дотроо гишүүд саналаа гаргавал зүгээр байна. Үүнийг хасаад, ингэе гэдэг санал. Тэрнээс биш цалин нэмье, тийм эх үүсвэр шинээр тавья гэдэг саналыг хэрхэвч дэмжиж болохгүй. Гишүүдэд би саналаа гаргахдаа энэ чиглэлээр гаргаач ээ гэдэг хүсэлт гаргаж байна. Хоёрдугаарт, Сангийн яам сүүлийн 10 жилийн байдлаар төсөв зарцуулдаг бүх байгууллагын тоог хүснэгтээр гаргаад Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд нээлттэйгээр вэб сайтад байршуулаад, хэвлэл мэдээллээр мэдээл! Сүүлийн жилүүдэд төсөв хэрхэн өссөнийг бүгд харах хэрэгтэй. Энд байгаа олон дарга нар 5 жилийн өмнө төсвөө мэдэхгүй байна. Та нарын дотор сүүлийн 5-аас илүү жилийн хугацаанд дарга хийж байгаа хүмүүс бий. Үүнийгээ нөхөж мэдэж ав. Та бүхний цээжээр мэдэж байх ёстой тоо юм.


















