Залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг мансуурсан байхад нь баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочтой “Б” гэгчийг энэ сарын 23-ны өдрийн 18.00 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах гэрээс нь баривчилс
Мэдээллийн алба

Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочтой “Б” гэгчийг энэ сарын 23-ны өдрийн 18.00 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах гэрээс нь баривчилсан байна.
Сэжигтэн “Б” нь иргэн “Г”-ээс 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийсэн гэж хохирогчоос гомдол гаргасны мөрөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс хуулинд заасны дагуу хэрэг үүсгэн шалгасан байна.
Шалгалтын хүрээнд дээрх хэрэгт эрэн сурвалжилж байсан сэжигтэн “Б”-г дайчлан баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрт нь хийсэн үзлэгээр медафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн байна.
Тиймээс сэжигтэн “Б”-д холбогдох Эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж, Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 192 дугаар зүйлд заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ.
Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах
148.3.Энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах
192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
192.2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.


















